Австралийн оюутныг тагнуулын хэрэгт буруутгасан байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-08 11:11:06

ПЁНЬЯН. /BBC/. Австралийн оюутныг тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилсан гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


29 настай Алек Сиглиг сураггүй болсон талаарх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сарын эцсээр гарсан бөгөөд Пёньян хот дахь Шведийн төлөөлөгчид БНАСАУ-ын засаг захиргаатай хэлэлцсэний дүнд А.Сиглиг өнгөрсөн пүрэв гарагт сулласан юм.


“А.Сигли тагнуул хийгээгүй. Түүний нийтлэлүүд Пёньян хотын амьдралыг улс төрөөс ангид байдлаар илэрхийлдэг” гэж А.Сиглийн нийтлэлийг гаргадаг “NK News” цахим хуудас Пёньяны мэдэгдэлд хариу өгчээ.


Солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг А.Сигли Ким Ир Сений их сургуульд магистрын зэрэг горилон суралцаж, Пёньянд амьдардагийн зэрэгцээ аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байжээ.


Өөрийг нь ямар шалтгаанаар баривчилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлээгүй байгаа А.Сигли суллагдсаныхаа дараа Японыг зорьсон байна.


“А.Сигли гадаадын оюутны статусаа ашиглан Пёньяны өнцөг булан бүрээр аялан авсан гэрэл зургууд, тойм зэрэг олон төрлийн мэдээллийг шилжүүлж байсан бөгөөд тэрбээр үүнийг “NK News” зэрэг БНАСАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн хэрэгслүүдийн хүсэлтийн дагуу үйлдсэн” гэж “KCNA” агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.


А.Сигли тагнуул хийж байсан гэдгээ шударгаар хүлээж, удаа дараа уучлал хүссэнтэй холбогдуулан түүнийг БНАСАУ-аас албадан гаргасан гэж дээрх мэдээнд дурдсан байна. БНАСАУ гадаадын иргэдийг тагнуулын хэрэгт буруутган баривчлах явдал үе үе гардаг байна. 

Холбоотой мэдээ