Хонконгчууд дахин жагсаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ. /TASS/. Хонконгчууд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаагаа баасан гарагт дахин эхлүүлжээ. Оюутнууд голдуу хэдэн мянган жагсагч Засгийн газрын цогцолбор болон ойролцоох гудамжнуудыг бүслэн хаасан байна.
Хэдийгээр 30 хэмийн халуун байгаа боловч хар шүхэр барьсан үүргэвчтэй залуус Адмиралти дүүрэгт цугласаар байгаа аж. Тэдний зарим нь амны хаалт зүүж, зарим нь хамгаалалтын шил, малгай өмсжээ.
Эсэргүүцлийн ажиллагаа одоогоор тайван болж байгаа бөгөөд жагсагчид үймээн дэгдээхгүй гэдгээ амлажээ. Адмиралти дүүрэгт цөөн тооны цагдаа байгаа ба тусгай хүчнийхэн бараг харагдахгүй байна. Тус дүүрэгт оршдог Засгийн газрын харьяа байгууллагуудыг болон Хууль тогтоох зөвлөлийн ордныг аюулгүй байдлыг хангах үүднээс өглөөнөөс эхлэн хаажээ.
Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам шаардлагыг нь үл тоомсорлож, сэжигтнийг БНХАУ-ын талд шилжүүлэн өгөх тухай маргаан дагуулсан хуулийн төслийг дэмжих санаачилгаас бүрмөсөн татгалзах талаар пүрэв гарагт мэдэгдэл хийгээгүй учир оюутны холбоо эсэргүүцлийн ажиллагаагаа сэргээсэн байна.