Зам тээврийн ослын 70 гаруй хувь нь орон нутгийн зам дээр гардаг

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-06-14 18:39:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн автозамд гарч буй ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ” аяныг энэ сарын 15-наас есдүгээр сарын 25-н хүртэл өрнүүлэхээр төлөвлөж байгааг Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээллээ.


Монгол Улсад жилд 500 хүн зам, тээврийн ослын улмаас нас бардаг байна. Тухайлбал, 2018 онд зам тээврийн осолд 5323 хүн өртсөн бөгөөд үүнээс 4761 нь гэмтсэн бол 562 хүн нь нас баржээ. Ослийн дийлэнх буюу 74 хувь нь орон нутгийн замд гарсан байна. Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид өнгөрсөн онд орон нутгийн автозамын 186 цэгт 24 цагийн хяналт тавьсан юм. Үүний дүнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 18.3 хувиар буурчээ. Түүнчлэн хүний амь нас хохирсон ослын тоо 24 хувь, гэмтсэн хүн ослын тоо 9.6 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд нэг жилд гарч буй нийт ослын 70 хувь нь зуны улиралд орон нутгийн замд гардаг гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг хэллээ. Иймд “Яараад яах вэ” аяны хүрээнд орон нутгийн автозамд хяналтын цэг байгуулж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах аж.


Орон нутгийн замд гарч буй нийт осол, зөрчлийн дийлэнх нь хурд хэтрүүлсэн, хүүхдийг буруу тээвэрлэсэн, шөнийн цагт гэрэл шилжүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан зэрэг зөрчил эзэлдэг байна.


А.Гэрэлтуяа

Холбоотой мэдээ