Ойн хомсдол доройтлыг бууруулснаар 4 сая ам.долларын урамшуулал хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-09-18 16:23:26

НҮБ-ын төрөлжсөн 3 байгууллага хамтран хэрэгжүүлдэг НҮБ-ын UN-REDD /Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах/ хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжих Монгол орны үндэсний UN-REDD хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр БОНХАЖЯ-нд боллоо.

Хөтөлбөрийн баримт бичигт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман нар гарын үсэг зурсан юм. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ, “Өнөөдрийн гарын үсэг зурж буй баримт бичигт Монгол Улс 2011 онд түншээр нэгдсэн бөгөөд 2014 онд Засгийн газраар батлуулсан. Мөн онд UN-REDD хөтөлбөрийн бодлогын хорооны 12 дугаар хуралдаанд үндэсний REDD төлөвлөгөөгөө танилцуулж, 4 сая орчим ам.доллар авах боломж бүрдсэн юм” гээд уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн энэ өдрүүдэд манай улс Ой модны салбарын 91 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа ба өнөөдрийн энэхүү баримт бичиг нь ойчиддоо барьж буй бэлэг болох болно гэж салбарын сайд хэлсэн юм.

НҮБ-аас суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман, “Монгол орны хувьд энэ хөтөлбөр маш чухал. Учир нь Монгол Улс уур амьсгалын өндөр эрсдэлтэй орнуудын нэг. Ялангуяа агаарын дундаж температур сүүлийн 70 жилийн хугацаанд дэлхийн дунджаас илүү буюу 2,1 градусаар нэмэгдсэн. Уур амьсгалын энэхүү сөрөг нөлөөлөл  нь хур тунадасны горим өөрчлөгдөх, усны түвшин буурах, мөсөн гол хайлах гэх мэтээр сөрөг нөлөө дагуулж байна. Тэр дундаа малчид тариаланчдад хамгийн ойр тусч байна” гэлээ.

Манай улс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойн хомсдол, доройтлын түвшинг үндэсний хэмжээнд бууруулж, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлснээр урамшуулал хүртэх юм. Хөтөлбөр 36 сарын хэрэгжих бөгөөд өөрөөр хэлбэл энэ оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжинэ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд