Арвайхээрт ерөнхий боловсролын шинэ сургууль байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-07 10:58:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2019 оны 367 дугаар захирамжаар Арвайхээр сумын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын бүтэц, хэв шинжийг өөрчлөн ерөнхий боловсролын “Тэмүүлэл” сургуулийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус сургууль нь гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн болон урлагийн төрөлжсөн сургалттай хичээллэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид, 2020 оны 1 дүгээр сараас дунд, ахлах ангидаа тус тус элсэлт авах юм. "Тэмүүлэл" сургуульд суралцах сонирхолтой 1-5 дугаар ангийн сурагчдын бүртгэлийг 2019 оны 6 дугаар сарын 12-14-ний өдөр, элсэлтийн шалгалтыг 6 дугаар сарын 15-ны 10.00 цагт Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборт тус тус зохион байгуулах аж.

2018-2019 оны хичээлийн жилд Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын 1-5 дугаар ангийн 10 бүлэгт 311 сурагч, цэцэрлэгийн 4 бүлэгт 161 хүүхэд хамрагдан суралцжээ.

Холбоотой мэдээ