БНАСАУ-д Африкийн гахайн мялзан өвчин гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-31 14:03:03

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын хойд нутгийн Чаган мужийн фермийн аж ахуйд Африкийн гахайн мялзан өвчин гарсан талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн байна.


“Африкийн гахайн мялзан өвчний улмаас фермийн 99 гахайн 77 нь үхсэн бөгөөд үлдсэн гахайнуудыг заазалсан” гэж БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Чаган нь Хятад улстай залгаа оршдог муж юм.


Одоогийн байдлаар гахайн мялзанг эмчлэх арга зам болон урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа бөгөөд уг өвчин нь хүнд халдварладаггүй боловч гахайн үүлдэр, нас харгалзахгүй өвчилдөг ажээ.


Өнгөрсөн оны наймдугаар сард Хятадад гарсан гахайн мялзан өвчин хил залгаа Монгол, Вьетнам зэрэг улсад тархсан юм. Уг өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглох шийдвэрийг БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам гаргасан байна.


Хоол хүнсний хомсдолд нэрвэгдээд буй БНАСАУ-д гахайн мялзан тархсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй байна. Өнгөрсөн онд БНАСАУ 2008 оноос хойших хамгийн бага хэмжээний ургац хураасан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус улсын 10 сая орчим иргэн буюу нийт хүн амын 40 орчим хувьд хүнсний тусламж шаардлагатай байгааг Дэлхийн хүнсний байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ