Л.Байгалмаа: Шинэ сургууль ашиглалтад орохоос нааш төвийн сургуулиудын ачаалал буурахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-03 15:19:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар ЕБС-ийн төгсөлт болон СӨБ-ын элсэлт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Сурагчдын төгсөлт, элсэлт эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн БСУГ-ынхан ачаалалтай ажиллаж байх шиг байна. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд хэчнээн хүүхэд төгсөж байна?

-2018-2019 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд бага боловсролыг 1071, суурь боловсролыг эзэмшсэн 800 гаруй,12 дугаар ангийг 300 гаруй хүүхэд төгсөж байна. Ойрын өдрүүдэд анги дэвших болон төгсөх улсын шалгалтууд болж байна. Энэ жилийн улсын шалгалтуудыг үнэлгээний шинэ журмын дагуу явуулж байна. Өөрөөр хэлбэл хуучин үнэлгээ А, В, С гээд үсгэн байсан бол шинэ журмаар хүүхдүүдийн түвшинг 1-8 хүртэл үнэлгээгээр эрэмбэлж байгаа. Шалгалтууд ид дундаа үргэлжлэн амжилттай явуулж байна.

-Шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэлсэн. Бүртгэлийн ирц хэр байна вэ?

-Аймаг даяар элсэлт эхэлсэн. Энэ ажил 06 дугаар сарын 04 хүртэл үргэлжилнэ. Улмаар аймгийн хэмжээнд 1400 гаруй хүүхэд шинээр сургуульд элсэн суралцахаар бүртгүүлж байна. Одоогоор бүртгэл төдийлөн хангалттай бус байна. Гэхдээ сургуулиуд дээр багийн харьяаллын дагуу хүүхдүүдийн нэрс очсон байгаа учир сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдтэй холбогдох байдлаар бүртгэлийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

-Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Ер нь сургууль, анги танхимын хүрэлцээ хэр байгаа вэ?

-Баруун-Урт сумын хэмжээнд ачаалал маш их байгаа. Зөвхөн энэ суманд 600 орчим хүүхэд ирэх хичээлийн жилд шинээр сургуульд элсэн орно. Эдгээр хүүхдүүдийг багаар нь хуваагаад, төвийн дөрвөн сургуульд 17 бүлэгт хуваан суралцуулахаар болоод байна. Анги дүүргэлт их байна гэсэн үг. Ер нь Баруун-Урт суманд тавдугаар сургууль ашиглалтад орохоос нааш дөрвөн сургуулийн ачаалал буурах боломжгүй. Гэхдээ бид гурван ээлжээр хичээллэхгүйн тулд багш, анги танхим гээд бүх нөөц бололцоогоо ашиглаад хуваарилалтаа хийсэн. Хөдөө сумдын тухайд анги танхимын хүрэлцээ, дүүргэлт харьцангуй зохих түвшинд байдаг. Зарим нэг суманд хүүхдийн тоо цөөн байх тохиолдол ч бий.

-Баруун-Урт суманд гэхэд 600 гаруй хүүхэд шинээр сургуульд орно гэлээ. Эдгээр хүүхдүүдийн цаана харьяалалгүй ч тус суманд суралцах хүсэлтэй, түр оршин суугчид байгаа шүү дээ. Эдгээр хүүхдүүд яах  вэ?

-Тийм ээ. Баруун-Урт суманд харьяалалгүй ч эмээ өвөө, ах эгч дээрээ байдаг, эсвэл шилжүүлгээ хийлгэлгүй Баруун-Урт суманд олон жил амьдарсан айлын хүүхдүүд цөөнгүй бий. Гэхдээ бид ачаалал их байгаа учир эхний ээлжинд үндсэн харьяаллынхаа хүүхдүүдийг бүртгэж дуусаад, дараа нь анги бүлгийн хүүхдүүдийн тоог харж байгаад эдгээр хүүхдүүдийг бүртгэх эсэхээ шийднэ.

-Төрийн албан хаагчид хүүхдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт өгөх хүсэл их байдаг. Танайд ч ийм саналууд ирдэг байх?

-Яг тийм. Ийм хүсэлтэй эцэг эхчүүд маш их байдаг. Тиймээс бид долоодугаар сар хүртэл бага хэмжээний төлбөртэй цэцэрлэгийг ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэхийн тулд бүх цэцэрлэгт эцэг эхчүүд саналаа ирүүлсэн байх ёстой. Үүн дээр үндэслэн бид хэдэн анги бүлэг нээн ажиллуулах вэ гэдгээ шийдэх юм. Мөн аймгийн төвийн нэг цэцэрлэг зуны нүүдлийн цэцэрлэг хэлбэрээр ажиллана. Хөдөө сумдад ч цэцэрлэгийн хувилбарт сургалтуудыг тодорхой төлөвлөгөөний дагуу явуулна.

-Ярилцлагын төгсгөлд Сүхбаатар аймгийн боловсролын салбарын 2018-2019 оны хичээлийн жилийн амжилтыг товч танилцуулаач?

-Хүүхэд бүр өсөж дэвжсэн, багш нарын маань ур чадвар дээшилсэн нэгэн хичээлийн жилийг бид үдэж байна. Сүхбаатар аймгийн багш, сурагчид улсын олимпиадаас нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль, тусгай шагналуудыг хүртлээ. Мөн улсын гэж хэлж болохуйц томоохон уралдаан тэмцээнд олон олон амжилт гаргасан. Олимпиад гэдэг чанарын өрсөлдөөн байдаг. Тиймээс манай багш, сурагчдын амжилт өмнөх жилүүдээс ахисан үзүүлэлттэй байгаа. Хамгийн том амжилт гэвэл тавдугаар ангийн сурагч Б.Элбэгжаргал Хонконгт болох олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох гурван  хүүхдийн нэгээр шалгаран бэлтгэлдээ ороод байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ