Австрийн хэт барууны үзэлт намын бүх сайд огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕНА. /BBC/. Австрийн хэт барууны үзэлт Эрх чөлөө намын бүх сайд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасантай холбоотойгоор тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа доголдоход хүрчээ.
Эрх чөлөө намын дарга, дэд Канцлер Хайнц-Кристиан Штрахег нэгэн дүрс бичлэгийн улмаас өнгөрсөн амралтын өдөр албан тушаалаас нь огцруулсан юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан 2017 оны үеийн дүрс бичлэгт Х.Штрахе Оросын олигархийн ач охинд Засгийн газрын гэрээг санал болгож байжээ.
Даваа гарагт Эрх чөлөө намын гишүүд мэдэгдэхдээ, хэрэв Дотоод хэргийн сайд Херберт Киклийг огцруулвал бид бүгд огцорно гэжээ. “Х.Кикл Эрх чөлөө намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд одоо дэгдээд буй дуулианы хариуцлагыг хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөх хэрэгтэй” гэж Канцлер Себастьян Курц өмнө нь мэдэгдсэн юм.
Эрх чөлөө намын огцорсон гишүүдэд Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалах, Зам тээвэр, Нийгмийн хамгааллын сайд нар багтаж байна. Эрх чөлөөний нам нь Австрийн Засгийн газрын тэн хагасыг бүрдүүлдэг аж.
Тавдугаар сарын 23-26-нд Европын парламентын сонгуулийн санал хураалт болох гэж байгаа энэ үед уг дүрс бичлэг цацагдсан нь Эрх чөлөө намын хувьд хүнд цохилт болж байна. Энэ удаагийн сонгуулиар хэт барууны үзэлт намын гишүүд илүү олон суудал авах төлөвтэй байжээ.
Дүрс бичлэгийн
тухай
Өнгөрсөн баасан гарагт олон нийтэд цацагдсан дүрс бичлэг нь 2017 оны долдугаар сард Испанийн Ибиза арал дээрх харшид болж буй уулзалтыг харуулах бөгөөд уг бичлэгийг хэн хийсэн болон уг уулзалтыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн тухайн үед Эрх чөлөө нам шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ороогүй байжээ.
Дүрс бичлэгт гарсан үйл явдлыг дурдвал, Х.Штрахе болон Эрх чөлөөний намын улс төрч Иоганн Гуденус нар буйдан дээр сууж, юм уунгаа Австрид хөрөнгө оруулах хүсэлтэй нэгэн эмэгтэйтэй ярилцаж байжээ. Уг эмэгтэйг Оросын чинээлэг иргэн хэмээн үзэж байгаа бөгөөд тэрбээр Австрийн “Kronen Zeitung” сонины хувьцааны 50 хувийг худалдаж авч, Эрх чөлөө намыг дэмжих зорилгоор редакцийн байр суурийг өөрчлөх санал тавьжээ.
Үүний хариуд Х.Штрахе олон нийтийн гэрээнүүдийг түүнд өгөхөөр тохиролцсон байна. "Хэрэв та “Kronen Zeitung” сониныг сонгуулийн өмнөх гурван долоо хоногт эрх мэдэлдээ оруулж, биднийг нэгдүгээр байрт оруулвал бид бүгдийг ярилцаж болно" гэж Х.Штрахе хэлсэн байжээ.
Улс төрийн үр дагавар
Австрийн Ерөнхийлөгч Александр ван дер Беллен дээрх үйл явдалтай холбогдуулан парламентын сонгуулийг товлосон хугацаанаас эрт явуулахыг уриалсан байна. Канцлер С.Курц мэдэгдэхдээ, энэ дуулиан Австрийн олон улс дахь нэр хүндийг унагаалаа хэмээгээд, мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулахыг хүссэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар мэдэгдэхдээ, манай улс энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэжээ. 2016 онд залуу үеийнхэнд эх оронч үзлийг ойлгуулах чиглэлд хамтран ажиллах урт хугацааны хамтын ажиллагааны хэлэлцээрийг Эрх чөлөө нам В.Путиний Нэгдмэл Орос намтай байгуулж байжээ.