Зүүнхайрхан уулын тэнгэрийг хоёр дахь удаагаа тайж тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-13 12:45:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн тахилгат Зүүнхайрхан уулыг тайх ёслол 2019 оны зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр буюу энэ сарын 12-ны өдөр боллоо.

Тахилга, тайлгын ёслолд УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон аймаг, сумдын удирдлагууд, нутгийн ард иргэд өргөнөөр оролцов. Энэ үеэр лам хуврагууд ном айлдаж, туг залж, цагаан азарга сэтэрлэж, хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан боллоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12-р сарын 26-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор Зүүнхайрхан уулыг “Аймгийн тахилгат хайрхан” болгож, дөрвөн жилд нэг удаа тахиж байх шийдвэрийг гаргасан ба анхны тахилгыг 2015 онд зохион байгуулж байсан юм.

Зүүнхайрхан нь Есөнзүйл, Өлзийт сумын зааг нутагт орших бөгөөд дээрх хоёр сумаас гадна Хужирт, Бүрд, Сант, Баян-Өндөрийн ард иргэд тахин шүтдэг, амьтан, ургамлын төрөл зүйл сан хөмрөгтэй, хангайн нурууны салбар уулсын нэг билээ.  


Холбоотой мэдээ