Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-11 13:56:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Аймгийн ХХААГ-аас ойн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Арвайхээр хотноо зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нээлтэд оролцож, хүн амыг экологийн цэвэр хүнсээр хангахын төлөө хүчин зүтгэж, жилийн дөрвөн улирлын гуравт нь борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байдаг тариаланчиддаа баяр хүргэн, талархал илэрхийллээ. Тэрээр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй” гээд төрөөс газар тариалангийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалангийн бүс нутгийг тогтоон, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилт тавин ажилласнаар улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон. Цаашид хөрш хоёр их гүрэнд төмс, улаан буудай нийлүүлэх зорилготой байгаа ба үүнийг ажил хэрэг болгосноор монгол хүн бүр ажил, орлоготой байх нөхцөл бүрдэх аж.

Газар тариалангийн салбар хөгжихөд Өвөрхангай аймаг чухал хувь нэмэр оруулж байсан, одоо ч оруулж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Г.Ганболд онцолж, аймагтаа газар тариалангийн салбарыг үр ашигтайгаар хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж буйгаа хэллээ. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээрээ дамжуулан Засгийн газарт тодорхой саналууд хүргүүлсний үр дүнд Хархорин суманд өмнө ашиглаж байсан 22000 гаруй га газрыг эргэлтэд оруулж, ашиглахаар болсныг энэ үеэр дурдаж байв.

Ойн нээлтийн үеэр атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүндэт тугаа залж, газар тариалангийн салбарын алдартан, гавъяатууддаа орон нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан 2018 оны ургацын дээжийн багцыг өргөн барьж хүндэтгэл үзүүлсэн юм.

Холбоотой мэдээ