Авлигын хэрэгтэй холбогдуулан 20 жилийн хорих ял ногдуулахыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-08 13:44:47

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Перугийн прокурор Херман Хуарес Аточе Перугийн Ерөнхийлөгч асан Ольянта Умалаг мөнгө угаах зорилгоор хуйвалдсан хэрэгт буруутгаж, түүнд хорин жилийн хорих ял ногдуулахыг хүсжээ. Энэ тухай "Комерсио" сонин мэдээлсэн байна.


Тус сонины мэдээлснээр, прокурорын газар Перугийн Ерөнхийлөгч асан Ольянта Умалагийн гэргий Надин Эредиаг мөн ийм хэрэгт буруутгаж, түүнд 26 жил 6 сарын хорих ял ногдуулахыг хүссэн байна.


Тэднийг 2006 болон 2011 онуудад сонгуулийн өмнөх кампанит ажилд санхүүжилт олгоход зориулж Бразилын “Odebrecht” барилгын компаниас 3 сая гаруй ам.долларыг хууль бусаар авсан хэмээн буруутгаж байгаа аж.


Перугийн прокурорын газар санхүүгийн залилан үйлдсэн хэргээр мөрдөн шалгаж буй хүмүүсийн жагсаалтад Ольянта Умалагийн гэргийг 2015 оны 9 дүгээр сард оруулжээ.


Энэ хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн тоонд мөн Умала багтсан бөгөөд тэрбээр 2016 оны сүүлчээр энэ жагсаалтад орсон байна. Ийм хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж байгааг нь Перугийн Ерөнхийлөгч асан болон түүний гэргий няцааж байгаа аж.  

Холбоотой мэдээ