Энэтхэгт бүх нийтийн парламентын сонгуулийн 5 дахь үе шат эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-06 16:09:05

ШИНЭ-ДЕЛИ. /TASS/. Долоон үе шаттайгаар болж буй Энэтхэгийн парламентын бүх нийтийн сонгуулийн 5 дахь үе шат 7 мужид өнөөдөр эхэлжээ. Сонгуулийн 5 дахь үе шатанд 80 сая орчим хүн оролцож магадгүй байна. Сонгуулийн комиссын мэдээлснээр, парламентын доод танхимын 51 суудлын төлөө 674 нэр дэвшигч өрсөлдөх аж. 


Сонгогчид Бихар, Жамму Кашмир, Жаркханд, Баруун Бенгал, Мадхья-Прадеш, Ражастхан, Уттар-Прадеш мужуудад саналаа өгнө.  Санал хураалт 07:00  цагт эхэлж, 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.


Сонгуулийн комиссын урьд нь мэдээлснээр, энэ удаагийн сонгууль сонгогчдын тоогоор дэлхийн түүхэнд хамгийн томд тооцогдож магадгүй байна. Түүнчлэн дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн сонгууль гэж нэрлэж болно. Парламентын сонгууль Энэтхэгийн бүх 29 мужид, холбооны долоон дэвсгэр нутагт долоон үе шаттайгаар /дөрөвдүгээр сарын 11, 18, 23, 29, тавдугаар сарын 6, 12 болон 19/ болно. Саналын хуудсыг тавдугаар сарын 23 гэхэд тоолж дуусах ёстой юм.


Сонгуулийн гол өрсөлдөөн Энэтхэгийн эрх баригч "Бхаратия жаната" болон сөрөг хүчний “Энэтхэгийн үндэсний конгресс” нам гэсэн улс төрийн хоёр том хүчний хооронд болж байна. Энэтхэгийн эрх баригч нам 2014 оны амжилтаа давтаж, одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди албан тушаалдаа хэвээр үлдэх эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Холбоотой мэдээ