Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-04-18 12:45:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас ноднин 12 дугаар сард өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Гишүүдийн 52.4 хувийн саналаар тус хуулийн төслийг соёрхон баталлаа.


Дэлхийн шуудан холбоо /ДШХ/ нь дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг. Уг өөрчлөлтийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна. Тус холбоонд дэлхийн 192 орон гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд манай улс 1963 онд элсэж байжээ.


ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн есдүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, энэхүү холбоонд Монгол Улс элссэнээр ямар эрх, үүрэг хүлээх болон ач холбогдлыг тодруулав.


Энэхүү байгууллагад гишүүн болсноор, Манай улс олон улсын шуудан үйлчилгээг ашиглан шуудан дамжуулах эрхтэй болно. Түүнчлэн салбарын гадаад харилцаа өргөтгөх зэрэг олон давуу талтайг ХХЗХ-ны дарга Б.Чинбат онцлов. ХХЗХ-ны ахлах мэргэжилтэн н.Баярсайхан нэмж хариулав. Тэрбээр, “Дотоодын шууданд давуу тал үүснэ. Тухайлбал, гадаадын хөгжингүй орнууд манай улсад шуудангийн салбарыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн тус протоколд нэгдсэнээр, тодорхой стандартад хүрэх шаардлагатай болно. Тиймээс шуудангийн салбарын хөгжилд нэмэртэй” гэлээ.


Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. 


Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт" төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.

Холбоотой мэдээ