Эрдэмтэд инновацийн бүтээгдэхүүнээр бэлэг барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-12 11:06:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн, судлаачид Монголын багш нарын VII их хурлын 800 төлөөлөгч багш нарт чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, инновацийн бүтээгдэхүүнээс дээжлэн “Инновацийн бэлэг”-ийн багц илгээжээ.


БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар, Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангийн санаачилгаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн гарааны компаниудын энэхүү бэлэг нь орон нутгаас ирсэн төлөөлөгч багш нараар дамжуулан шинжлэх ухаан, технологид суурилсан эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүн, боловсролын инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.


Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан үйл ажиллагааг худалдааны дэд бүтцээр дэмжих, монгол инновацийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэглэгчдийн зах зээлийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү “Инновацийн бэлэг”-ийн багцад шинжлэх ухааны 5 салбарын биологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эко арьс боловсруулалттай арьсан эдлэл, нарийн ногооны үрийн сорт, боловсролын хүүхдийн контент, ховор нандин мэдээллийг багтаасан нэрийн ном зэрэг 30 төрлийн бүтээгдэхүүн багтжээ.


Тухайлбал, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргаж авсан Монгол орны эрс тэс уур амьсгал, хөрсөнд нутагшуулсан улаан луувангийн 1, улаан лоолийн 2 сортын үр, био бордооны дээж бүтээгдэхүүн төлөөлөгч багш нарт очиж байна. Багш нар технологийн зааварчилгааны дагуу биологийн хичээлээр сургуулийн гаднах талбай, анги, танхимдаа хүнсний ногоо тариалахыг сурагч нартаа зааснаар мэдлэг, дадлагад суурилж “бяцхан тариалалт”-ыг туршиж улмаар өрхийн аж ахуй эрхлэх амьдрах ухаанд суралцах юм.


Мөн “Марчаахай” хүүхдийн IQ сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хүүхэлдэйн анимэйшн, видео 130 гаруй контентыг агуулсан хүүхдийн боловсролын онлайн системд нэвтрэх эрхийн бичиг багтжээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бага ангийн багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн, сурагчдын бие даах чадварыг нэмэгдүүлсэн хүүхдийн хүүхэлдэйн анхны контентыг багш нар хичээлийн хэрэглэгдэхүүнд үнэгүй ашиглана. Өөрөөр хэлбэл орчин үеийн шинэ дэвшилтэт технологиор дамжуулж Монголын өв соёл, уламжлалыг хадгалсан онлайн контентын шинэ урсгал, шинэ үйлчилгээ боловсролын салбарт нэвтрэх боломжтой болох юм.


Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийн үр дүнд бий болсон “Вioрlus-барагшун”-ы 2 нэрийн, “Dr.Baatar” олон найрлагат эмчилгээний цай, “Омега” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, “Давирхай” эмчилгээний 3 төрлийн тос, “Ганган” үс эмчилгээний иж бүрдэл, анагаах чадалтай эмчилгээний “Зөгийн бал”, “Цэцгийн тоос”, “Эко лаа”, яс сийрэгжилтийн эсрэг "Остeкальци", ургамлын харшил, астма, уушиг эмчлэх царцааны "Акритракт" бэлдмэл мөн багцад багтсан юм.


Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтээсэн инновацийн бүтээгдэхүүн түгээн дэлгэрүүлэлтээр боловсролын салбарт ажиллаж буй 21 аймаг, нийслэл, орон нутгаас хүрэлцэн ирсэн багш нарт ийнхүү очлоо.





Холбоотой мэдээ