Худалдааны хэлэлцээрийг сарын дотор байгуулж магадгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-05 11:18:00

ВАШИНГТОН. /TASS/. АНУ болон Хятад улс ойролцоогоор нэг сарын дотор худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч, энэ тухайгаа зарлаж магадгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй Цагаан ордонд уулзах үеэрээ хэлсэн байна. Лю Хэ хоёр улсын худалдааны салбарт үүссэн маргааныг зохицуулах асуудлаарх ээлжит яриа хэлэлцээнд оролцохоор Вашингтон хотод хүрэлцэн ирсэн билээ.


“Бид гайхалтай яриа өрнүүлсэн. Бид худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрэхэд ойрхон байгаа хэдий ч үүнийг тохиролцоонд хэдийнээ хүрчихсэн гэж ойлгож болохгүй юм. Бид маш хурдан ахиц дэвшилд хүрч байгаа” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ мөн энэ талаар мэдэгдэхдээ “Үнэндээ бид томоохон ахиц дэвшилд хүрээд байгаа” гэжээ.


Гэсэн хэдий ч санал зөрөлдөөн хэвээр байгааг Д.Трамп онцлон тэмдэглэжээ. “Бид оюуны өмч болон түүнийг хамгаалах асуудлыг хэлэлцсээр байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ