Рэпер Н.Хасслын амийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-03 14:45:50

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос гаралтай рэпер Нипси Хасслын амийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг баривчилсан тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.


"Рэпер Н.Хасслыг хувцасны дэлгүүрийнхээ гадна байхад 29 настай Эрик Холдер түүн рүү хэд хэдэн удаа гал нээсний дараа хэргийн газраас оргон зугтсан" гэж цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Мөрдөгчдийн үзэж буйгаар, энэ хэрэг Н.Хассл болон Э.Холдер нарын хувийн маргаанаас үүдэлтэй аж. Сэжигтэн рэпертэй олон нийтийн дунд маргалдаж байсан талаар Лос-Анжелес хотын цагдаагийн газрын дарга Мишель Мур сэтгүүлчдэд мэдээлжээ.


Хэрэг гарах үеийн дүрс бичлэгээс үзэхэд, хар хувцастай эрэгтэй зугтахын өмнө Н.Хассл руу гурван удаа гал нээсэн аж. Тухайн үед өөр хоёр хүн шархадсан юм.


Рэпер Н.Хасслын “Victory Lap” нэртэй цомог энэ оны “Grammy” наадамд шилдэг рэп цомог төрөлд нэр дэвшсэн билээ.


Н.Хасслын жинхэнэ нэрийг Эрмиас Дэвидсон Асгедом гэдэг ба тэрбээр Лос-Анжелес хотын өмнөд хэсэгт өсөж, өсвөр насандаа “Rollin' 60s” хэмээх гудамжны гэмт этгээдүүдийн бүлэглэлийн гишүүн байжээ.


Ташрамд дурдахад, энэ долоо хоногийн даваа гарагт болсон рэперийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр нэгэн этгээд галт зэвсэг гаргасны улмаас цугласан хүмүүс зугтах үеэр 19 хүн гэмтсэн байна.

Холбоотой мэдээ