Гуайдогийн төрийн алба хаших эрхийг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИТО. /AP/. Өөрийгөө Венесуэл улсын түр Ерөнхийлөгчөөр зарласан тус улсын Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдогийн төрийн албан тушаал хаших эрхийг 15 жилээр хасчээ. Энэ тухай тус улсын Хяналтын ерөнхий газрын дарга Элвис Аморосо мэдээлсэн байна.
“Noticias24” цахим хуудсанд мэдээлснээр, Венесуэлийн сөрөг хүчний удирдагчийн санхүүгийн тайланг шалгахад зөрчил илэрсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр нийтдээ 300 сая боливарын зардлаар гадаадад 90 гаруй удаа айлчилсан бөгөөд энэ зардлыг хаанаас төлсөн нь тодорхойгүй байгаа аж.
Хяналтын ерөнхий газрын дарга Элвис Амаросо ийм шийдвэр гаргах эрхгүй учраас энэ бол хууль бус шийдвэр юм гэж Гуайдо сөрөг хүчний хяналтад байдаг нэг танхимтай парламент буюу Үндэсний ассамблейд үг хэлэхдээ мэдэгджээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог тангаргаа өргөсний дараахан нэгдүгээр сарын 21-нд түүнийг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн юм. Энэ үеэр Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ.
АНУ тэргүүтэй Барууны зарим улс Гуайдог хүлээн зөвшөөрсөн бол Мадура парламентын даргыг АНУ-ын утсан хүүхэлдэй гэж нэрлэсэн юм. ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.