О.Баасанхүү: Бичлэгийг олон нийтэд жүжигчилсэн байдлаар үзүүлэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-28 13:02:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй иргэдийг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийг УИХ-ын гишүүд өчигдөр үзсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрбээр, “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт дуугүй харж зогсоод, асуудал хөндөгдөхөөр л намайг оролцдог гэж шүүмжилдэг. Би 2015 оноос хойш, Ж.Содномдаржаа нарыг хоригдсон цагаас л асуудалд оролцож, холбогдох байгууллагад хандаж байсан. Ерөнхийлөгч, Олон улсын парламентад ч хандсан. 

Өчигдөр үзсэн бичлэгээс харахад, тэднийг эрүүдэн шүүсэн байна. Эрүүдэн шүүсэн ганц хоёр хүний асуудал ярих биш, эрүүдэн шүүлгэж байсан бүх хүмүүсийг гаргаж байгаад, хуулийн байгууллагыг системээр нь шинэчлэх ёстой. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүлгэж байсан Д.Энхбат зэрэг хүмүүсийн эрхийг сэргээх хэрэгтэй.

Өчигдрийн эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд харуулахдаа, жүжигчилсэн хэлбэрээр үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь, нэгдүгээрт, тухайн хүмүүсийн эрх, хоёрдугаарт хөгшин ээжийг нь хүндлэх хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ