“Boeing” компанид итгэсээр байгаа гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-26 12:20:45

АДДИС АБЕБА. /BBC/. "АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн онгоц Этиопт осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан хэдий ч тус компанид итгэсэн хэвээр байгаа" гэж Этиопын агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн захирал Тевольде Гебремариам мэдэгджээ.


Т.Гебремариамын хэлснээр, дээрх эмгэнэлт явдлыг үл харгалзан “Boeing” болон “Ethiopian Airlines” компани хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ажээ. Мөн тэрбээр, ослын шалтгаан нь “MCAS системд алдаа гарсантай холбоотой гэж хэлсэн байна. Индонезид гарсан ослын шалтгааныг мөн үүнтэй холбон тайлбарлаж байгаа аж.


Ethiopian Airlines” компанийн нийт онгоцны гуравны хоёроос илүү хувийг “Boeing” компанийн онгоц эзэлдэг байна. Үүний зэрэгцээ “Boeing 737 Max” загварын 25 онгоцыг нэмж захиалаад байгаа юм.


Өнгөрсөн долоо хоногт Индонезийн агаарын тээврийн “Garuda” компани “Boeing 737 Max 8” загварын 49 нисэх онгоцны захиалгаа цуцалж буйгаа мэдэгдээд, уг онгоцонд "итгэх итгэл алдарсан” гэж мэдэгдсэн байна.


Boeing” компанид “737 Max 8” загварын нийт 5012 онгоцны захиалга ирснээс 376 нь захиалагчдын гарт хүрчээ. Сүүлийн таван сар хүрэхгүйн хугацаанд уг загварын хоёр онгоц осолдож, олон зуун хүн амиа алдсантай холбогдуулан “Boeing 737 Max 8” онгоцны нислэгийг дэлхий даяар түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. 

Холбоотой мэдээ