Дундговь аймгаас төрөн гарсан зургаан яруу найрагчийн шинэ номын нээлт нэгэн цаг дор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-25 10:55:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгаас төрөн гарсан зургаан залуу яруу найрагч нэгэн цаг дор шинээр баринтагласан номын нээлтээ тус аймаг дахь С.Буяннэмэхийн нэрэмжит номын их өргөөнөө 3 дугаар сарын 22-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.  

Тус ёслолд Дэрэн сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Аюурбуниагийн Лхагваа, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, хөгжмийн зохиолч П.Түвшинтөр, аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Ган-Илч компанийн захирал О.Ганбат, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга Ж.Мөнхтөр, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Отгонжаргал, Монгол Улсын СТА, зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар нар болон номоо баринтагласан яруу найрагчдын ойр дотны зочид хүндэтгэн иржээ.     

Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва “Сэлүүн тэрлэг”, “Тэнүүн дэлгэр”, Бадархундага наадмын тэргүүн цомын эзэн, яруу найрагч О.Элбэгтөгс ”Тэнцвэр”, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Гантулга “Эмт-Одын бороо”, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч А.Сүглэгмаа “Бүрхэг өдрүүдийн блюз”, залуу яруу найрагч И.Оюун-Эрдэнэ “Романтизмын мөхөл”, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч О.Гончигсүрэн “Дуулахгүй орхиж боломгүй” яруу найргийн номоо тус тус туурвисан байна.

Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва нээлтийн үеэр “Дундговь нутаг бол тив дэлхийд алдар нэрээ гайхуулсан аугаа их зохиолч, яруу найрагчдын өлгий нутаг юм. Энэ нутгийн оюун билгийн хойморт билиг авьяас гэгдэх бурхны хишгийг хүртэх авьяастнууд цагийн цагт тасралтгүй төрөхийн билиг ерөөл байна аа. Утга зохиолын дээд шагнал Нацагдоржийн нэрэмжит шагналаар манай аймгийн 8 хүн шагнагдсан байдаг. Ийм олон “Нацагдорж” шагналтантай аймаг өөр байхгүй ээ. Манай нутгаас дэлхийд нэр алдраа гайхуулсан дэлхийн урлаг соёлын академийн гарамгай яруу найрагч шагналтай, Монголын төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа, Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормуунишийн Дашдооров, алдарт гавьяат уран зохиолч, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэх, Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, Дамбын Төрбат гээд алдартан хүмүүсийнхээ мөр хойчийг тэгшилж, 6 залуу шинэ номоо баринтаглан залжээ.

Нэг аймагт, нэгэн цаг дор хамтдаа 7 номоо өлгийдөн авч, номын хуримаа хийж байсан тохиолдол өмнө хаана ч байгаагүй ээ, тиймээс энэ бол түүхэн үйл явдал юм” хэмээн онцлон хэллээ.

Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар номын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Үнэхээрийн Монголын утга зохиолын түүхэнд нэрээ үлдээсэн том зохиолчдын өлгий нутгаас хойч үе, залгамж халаа нь шинээр төрж, мэндэлж уран бүтээлээ туурвиж, олон түмэндээ хүргэж байгаа нь бахархууштай сайхан үйл явдал болж байна” гээд уран бүтээлийнхээ дээжсийг ард олондоо өргөн барьж байгаа залуу зохиолчиддоо амжилт хүсч, баяр хүргэлээ.

Авьяас билиг байгаад түүнийг энхрийлж, усалж, өдөр бүхэн тордохгүйгээр сод бүтээл, гайхамшиг бүтдэггүй ажээ. Нэг хөрсөнд арвай суулгаад түүндээ сэтгэлээ шингээж ургуулснаар тариа гэдэг гайхамшигтай зүйлийг бүтээгээд, түүнээсээ гурил будаагаа гаргаж авдагийн нэгэн адил энэ Дундговь нутгаас төрөн гарсан залуу яруу найрагчдыг урамшуулж, авьяас билгийг нь усалж, тордож, билиг билгүүнийг нь ном болгон бүтээхэд хувь нэмрээ оруулж, ивээн тэтгэсэн хүн бол Ган илч компанийн захирал О.Ганбат байлаа.

Ёслолын хүндэт зочин О.Ганбат хэлсэн үгэндээ “Энэ хүмүүний амьдралд тохиох, урсан өнгөрч байгаа цаг хугацааны мөч бүрийг, түүнд тохиолдож байгаа сэтгэл хөдлөл болгоныг уран яруу, чихнээ сонсголонтойгоор түмэнд хүргэдэг, цөөн хэдэн хүнийг яруу найрагч, зохиолч гэдэг болов уу гэж боддог. Ер нь аль ч улсын, ямар ч үндэстний яруу найрагч, зохиолч нар өөрийн амьдарч байгаа тухайн нийгмийнхээ ололт, алдааг соргогоор мэдэрч, өөрийнхөө ухаан бялхсан уран яруу үгээрээ ард нийтэд түгээж байдаг, тиймээс манай аймгийн зургаан сайхан залуу ч гэсэн өнөөдрийн бидний амьдарч байгаа энэ нийгмийн талаар номдоо тусгасан байхаа” гэсэн юм.  

Тус ёслолын үеэр номын нээлтээ хийж байгаа залуу яруу найрагчид өөрсдийн шинэ номоо танилцуулан, яруу найргийнхаа дээжээс уншиж, уригдан ирсэн ойр дотных нь хүмүүс хүндэтгэл үзүүлж, сэтгэгдлээ хуваалцан баяр хүргэж, амжилт хүсч байлаа.

Залуу зохиолчдын энэхүү түүхэн ёслол Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсаны 90 жил, Дундговь аймгийн утга зохиолын нэгдэл байгуулагдсаны 70 жилийн түүхт ойтой давхцаж байгаа төдийгүй, нээлтээ хийсэн энэ өдөр Дэлхийн яруу найргийн өдөр тохиосноороо онцлогтой юм.

Холбоотой мэдээ