Онцгой байдлын газрын алба хаагчид 8 хүний амь насыг авран хамгаалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20-ны өдрийн 08 цаг хүртэл Дундговь аймгийн нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурлаа. Энэ үеэр аймгийн ОБГ-ын ажилтнууд 3 сумын нутагт 8 хүний амь насыг учирч болох аюулаас авран хамгаалжээ.
ОБГ-ын 32 алба хаагч 10 техник
хэрэгсэлтэйгээр дуудлага ирүүлсэн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай суманд
ажиллаж, малынхаа араас яваад сураггүй болсон 2 хүн, машинтайгаа хээр суусан 6
хүнийг ийнхүү аварсан байна.
УЦУОШГ-ын мэдээлснээр 24 цагийн
хугацаанд тус аймгийн Өндөршил сумын нутгаар 0,7 мм, Баянжаргалан, Сайнцагаан,
Өлзийт сумын нутгаар 2,0-2,3 мм, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын нутгаар
5,0-8,0 мм, бусад сумын нутгаар 3,0-4,0 мм цас оржээ.
Ихэнх нутгаар 8-14 м/с салхитай
байсан байна. Шөнөдөө нийт нутгаар 8-15 градус хүйтэн хонож, өдөртөө
Сайхан-Овоо, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумын нутгаар 0-4
градус дулаан, бусад сумдын нутгаар 2-7 градус хүйтэн байсан хэмээн тус
албанаас мэдээллээ.