БНАСАУ-ын ЭСЯ-нд үйлдсэн халдлагад АНУ холбоотой болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-14 12:14:07

ПЁНЬЯН. /NHK/. Өнгөрсөн сард Испанийн нийслэл Мадрид хот дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны байранд болсон халдлагад АНУ-ын Тагнуулын төв газар холбоотой болохыг Испанийн мөрдөн байцаагчид тогтоожээ. Энэ тухай Испанийн “El Pais” сонин лхагва гарагт мэдээлэв.


Эх сурвалжуудын мэдээлснийг иш татан El Pais” сонинд дурдсанаар, ЭСЯ-нд нэвтэрсэн 10 этгээдийн хоёрын хэн болохыг тогтоогоод байгаа бөгөөд тэднийг АНУ-ын ТТГ-тай холбоотой хэмээн мөрдөн байцаагчид үзэж байгаа ажээ.


ТТГ-аас дээрх мэдээллийг няцаасан боловч уг хариу үйлдлийг “үнэмшихэд бэрх” гэж Испанийн албаны хүмүүс мэдэгджээ.


Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд баг зүүсэн 10 эрэгтэй БНАСАУ-ын ЭСЯ-ны байр руу дайран орж, ажилтнуудыг хүлж, байцаасныхаа дараа компьютер болон гар утаснуудыг нь авч явсан хэрэг гарсан юм.


“Халдлагын зорилго нь өнгөрсөн сард Вьетнамд болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын түвшний хэлэлцээний төлөөлөгч Ким Хёк Чолын талаарх мэдээллийг олж авах байсан” гэж сонины мэдээнд тэмдэглэжээ.


Пёньян цөмийн туршилтууд хийж, баллистик пуужин хөөргөсний дараа Испанид суугаа БНАСАУ-ын элчин сайдыг 2017 оны есдүгээр сард Испаниас албадан гаргасан юм. 

Холбоотой мэдээ