Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан
автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг цуцалсныг мэдэгдэв.
Ингэхдээ
тээврийн хэрэгслийн улсын дугаарт шинэ сери нэмэгдүүлэх, олон улсын стандартад
нийцүүлэх ажлыг шат дараатай эхлүүлэх талаар үүрэг өгөөд байна. Тэрээр хэлэхдээ, “Жилээс
жилд импортоор орж ирэх автомашины тоо нэмэгдэж байгаа тул тээврийн хэрэгслийн
дугаар олгож, бүртгэлжүүлэхэд заавал улсын дугаарын шинэ стандартыг хэрэгжүүлж,
солих шаардлагагүй. Энэ ажлыг шинэ сери гаргах байдлаар зохицуулах боломжтой”
гэдгийг онцлов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Автотээврийн
үндэсний төв” ТӨҮГ, автомашины улсын дугаарын
үйлдвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэлтийг хянаж буй
Хөдөлгөөний удирдлагын төвд ажиллах үеэр тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах,
чадварлаг мэргэшсэн жолооч нарыг бэлтгэх, орон нутгийн замын хөдөлгөөний
хяналтыг илүү сайжруулах талаар үүрэг өгөв. Тодруулбал, хот, орон нутгийн замыг камержуулах, зорчигч
тээврийн хэрэгсэлд дохиолол, хурд хэмжигч, GPS төхөөрөмж суурилуулах,
автотээврийн улсын үзлэгт орж буй тээврийн хэрэгслийн техникийн шаардлага
стандартыг хуулийн дагуу чанд мөрдөж ажиллахыг чиглэл болголоо. Түүнчлэн Таван толгой-Гашуун Сухайтын нүүрсний уурхайн
тээвэр, зохион байгуулалтад онцгой анхаарахыг сануулж, “С” зөвшөөрөлтэй
холбоотой болон тээвэр зохион байгуулалтын асуудлаар ойрын хугацаанд ажлын
хэсэг томилж, тусгай журмаар зохицуулахаар боллоо.
Автотээврийн
үндэсний төв нь улс, хот хоорондын ачаа, зорчигч, жуулчин, шуудан, тээвэрлэлт,
автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, автотээврийн
хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, мэргэшсэн жолоочийн шалгалт авах,
үнэмлэх олгох, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг долоон
төрлийн ажил явуулж байна.
Өнөөдрийн байдлаар, Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн санд
970 880 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй
байгаагаас 871 350 автомашин, 99 530 механизм, мотоцикл, үүний 501 934 нь нийслэлд, 369 692 нь
орон нутагт бүртгэлтэй байна. Өнгөрсөн онд авто
ослоор 562 хүн нас барж, 20 435 хүн
бэртэж гэмтсэн нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл,
хариуцлагагүй жолоочийн үйлдэл, автозамын эвдрэл, гэмтэлтэй холбоотой байна.
Б.Болд