МҮХАҮТ-ын Их хурал дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-28 20:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СТӨ-нд өнөөдөр 10.30 цагт нээлттэй эхэлсэн МҮХАҮТ-ын ХХ Их хурал 19.00 цагийн байдлаар хаалттай үргэлжилсэн хэвээр байна.

19.30 цагт Их хурлын төлөөлөгчид Танхимын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Өөрчлөлтийн нэг нь Танхимын Удирдах Зөвлөлийн эрх, үүрэгтэй холбоотой заалт юм. Тодруулбал, Удирдах зөвлөл нь Их хурлуудын хооронд Үндэсний танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй ч Үндэсний танхимын Их хурлуудын хооронд шаардлагатай тохиолдолд Үндэсний танхимын дүрэмд түр нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай байгаа юм.

Дүрмийн өөрчлөлтийг хэлэлцсэний дараагаар МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох сонгуулийн санал хураалт болно. Санал хураалтыг цахимаар авч дэлгэцэд санал хураалтын дүнг шууд харуулах бөгөөд хуралд оролцогчид "MNCCI" гэсэн тусгай аппликейшн татаж авснаар саналаа өгөх юм.





Танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргад нэр дэвшиж буй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “UFC”группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар Их хурлын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэсэн саналаа хэлж байв. Тэд Их хурлын үйл ажиллагаа болон удирдах багийг сонгох санал хураалтыг хайрцагласан байдлаар бус шударгаар явуулах ёстой гэж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ