Д.Трамп, Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАНОЙ. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Ханой хотноо болсон
уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөж байгаа тухай Цагаан ордноос мэдээлэв.
“Энэ удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрсэнгүй. Гэсэн хэдий ч хоёр талын төлөөлөгчид цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн
албаны төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.
Хоёр орны удирдагчид ажил хэрэгч өдрийн зоог болон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолоо цуцалж, дээд хэмжээний уулзалт болсон газрыг орхин явсны дараахан дээрх мэдэгдлийг хийсэн байна.
АНУ-ын “CNN” сувгийн мэдээлснээр, хоёр удирдагчийн уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсөн нь БНСУ-ын албаны хүмүүсийг мөн гайхшралд оруулсан байна.
“Хоёр орны удирдагчдын
дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэлэлцээр байгуулна хэмээн зөвхөн дэлхий дахин төдийгүй бид ч бас тэсэн ядан хүлээж байсан” гэж БНСУ-ын Засгийн газрын
төлөөлөгч хэлжээ.
Дээд хэмжээний уулзалт товлосон цагаас эрт өндөрлөсөн тухай мэдээ гарсантай холбоотойгоор БНСУ-д хувьцаануудын ханш унажээ.
Японы “NHK” сувгаар мэдээлснээр, Д.Трамп болон Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадаагүйтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Гадаад хэргийн яамныхаа удирдлагуудтай яаралтай зөвлөгөөн хийсэн байна.
Тохиролцоонд хүрч чадаагүйн шалтгааны талаарх бүх мэдээллийг аль болох хурдан цуглуулахыг Ш.Абэ Гадаад хэргийн яамандаа үүрэг болгожээ. Одоо энэ ажлыг Ханой хотод ажиллаж байгаа Японы Гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгчид хийж байна. Тэд Трампыг дагалдан яваа төлөөлөгчдийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа аж.