Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-22 18:10:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдлоор, АТГ Ц.Элбэгдоржоос өнөөдөр тайлбар авахаар дууджээ.


Тэрбээр өөрийн албан ёсны твиттер хуудаснаа, "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн бичсэн байна.




Тэрээр АТГ-т тайлбар өгсний дараа сэтгүүлчдэд хандан "Тавантолгойн орд газрын асуудлаар гэрчийн мэдүүлэг өглөө. Тэрхүү яриад байгаа 178 хуудас нотлох баримт бүхий материалтай танилцаагүй байна. Ерөнхийлөгчийг тэр материалаа олон нийтэд ил болгохыг хүссэн" хэмээв.


Сэтгүүлч түүнээс ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэхэд эсрэг байр суурь илэрхийлж байгаа учрыг тодруулахад, "Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсвэл Монголын ард түмний бие даасан эрх чөлөөнд аюул учирна" хэмээн хариуллаа. 


Өнгөрсөн сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр, Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурорт иргэний хувиар хандаж, “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах гэж байсныг шалгуулах”-ыг хүсэж, 178 хуудас нотлох баримт бүхий материалыг өгсөн. Харин уг хэргийг харьяаллын дагуу АТГ шалгахаар хэрэг бүртгэл нээсэн юм.

Холбоотой мэдээ