Хятад-Австралийн иргэншилтэй зохиолчийг БНХАУ-д баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-24 10:49:59

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Коммунист намыг шүүмжлэгчдийн нэг, Хятад-Австралийн иргэншилтэй зохиолчийг БНХАУ-ын эрх баригчид баривчилсан тухай Австралийн Засгийн газраас мэдээлэв.


Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, БНХАУ-ын дипломат асан Ян Хэнжюнь баривчлагдсан бөгөөд тэрбээр чөлөөнд гарсаныхаа дараа Австралийн иргэншил авсан ажээ.


Я.Хэнжюнь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Нью-Йорк хотоос Гуанжоу хотод очсоны дараа түүнтэй холбоо тасарсан байна.


БНХАУ-ын эрх баригчид түүнийг баривчилсан тухайгаа Бээжин дэх Австралийн Элчин сайдын яаманд мэдээлсэн гэж Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас лхагва гарагт мэдэгджээ. Я.Хэнжюнийг баривчлах болсон шалтгааныг тодруулж, албаны төлөөлөгчид түүнтэй уулзах зөвшөөрөл олгох хүсэлтийг Австралийн Гадаад хэргийн яам гаргаад байгаа ажээ.


Сидней хотын технологийн их сургуулийн дэд профессор Фэн Чунигийн “NHK” сувагт мэдээлснээр, БНХАУ-ын эрх баригчид Я.Хэнжюнийг нисэх онгоцны буудал дээр хүлээж байгаад баривчилсан байж магадгүй аж.


Я.Хэнжюнь өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд өөрийн блогтоо нийтлэхдээ, Өрнөдийн орнуудын хууль эрх зүй, эдийн засаг болон нийгмийн тогтолцоонд маш олон хуулийн цоорхой байдаг ба үүний ашиг тусыг хүртэж буй ихэнх хүмүүс нь Хятадын иргэд байдаг гэсэн байжээ.


БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Хуа Чуньин лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "энэ асуудлын талаар манай яаманд мэдээлэл ирээгүй" гэж мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ