Отгон сум өндөр хурдны интернэттэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-24 11:21:18

Завхан/МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ сарын 21-нээс эхлэн тойргийнхоо сумдад ажиллаж, 2018 оныхоо ажлын тайланг тавьж, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж  байна.

З.Нарантуяа гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзахдаа УИХ-аар баталсан хууль тогтоомж, түүний хэрэгжилт, 2019 онд хийхээр төлөвлөсөн болон улсын төсөвт тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулжээ. Завханы Отгон сумын иргэдтэй хийх уулзалтанд 400 гаруй иргэн оролцож санал хүсэлтээ эрхэм гишүүнд дуулгалаа. Энэ үеэр малчдын хүсэлтээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор байгуулж буй  цэцэрлэгийн гэр хоёрыг, компьютер тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгчээ. Түүнчлэн, зургаан жилийн турш төсөв нь шийдэгдэхгүй сунжирсан үүрэн телефон, Отгон суман дахь өндөр хурдны интернэтийн сүлжээ нэвтрүүлэх ажлын санхүүжилтийг өнгөрсөн онд шийдвэрлүүлснээр тус сумын хоёр багт өндөр хурдны интернет нэвтэрчээ. УИХ-ын гишүүн Отгон суманд ажиллахдаа жи мобайлын 3.99G сүлжээ буюу өндөр хурдны интернетийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус сум улсын төсвийн 550.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн намар шилэн кабель холбох ажлыг эхэлжээ. Шилэн кабельд холбох ажлыг "Нью-Оптик" ХХК хийсэн бөгөөд 12 дугаар сарын 25-ны өдөр Мэдээлэл Холбоо Сүлжээ ХХК-нийн инженерүүд шилэн кабелийн дамжуулалт, холболтын ажлыг гүйцээж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар үүрэн холбооны компаниуд сүлжээгээ өргөтгөх, өндөр хурдны интернетийн тоног төхөөрөмжүүдээ суурилуулах ажлыг бүрэн хийгээд байна. Тус сум өмнө нь висат сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогддог байсан бөгөөд, гацах, тасрах зэрэг бэрхшээлүүд тулгардаг байжээ. Түүнчлэн үүрэн холбооны компаниудын хэрэглэгчид нь зөвхөн яриа, мессеж дамжуулах үйлчилгээг авдаг байсан бөгөөд шилэн кабельтай болсноор гар утсаараа дамжуулан өндөр 

хурдны интернэтийн үйлчилгээг авах боломж ийнхүү бүрджээ.

Өндөр хурдны интернэттэй болсноор хөдөөгийн иргэдэд олон давуу тал бий болов

Завханы 24 сумаас ганцаараа өндөр хурдны интернэтэд холбогдоогүй байсан Отгон сумыг өндөр хурдны интернэттэй болгох, төсвийг хөөцөлдөх ажлыг хийсэн УИХ-ын гишүүнд иргэд нээлтийн үеэр талархал илэрхийлэв. Харин нээлтийн үеэр УИХ-ын гишүүн: -“Өндөр хурдны интернэттэй болсноор хөдөөгийн иргэдэд олон давуу тал бий болно. Тухайлбал шилэн кабель нь хол зайд өндөр хурдаар их хэмжээний мэдээллийг дамжуулах боломж энгийн кабельнаас илүү илүү байдаг. Отгон сум нь Завхан аймгийн урд бүсийн томоохон сум бөгөөд Отгонтэнгэр уулын бэлд оршдог онцлогтой. Жилийн дөрвөн улирал гадаад, дотоодын жуулчид тасардаггүй газар юм. Өндөр хурдны интернэттэй болсноор аялал жуулчлал хөгжих, мэдээлэл, сурталчилгаа шуурхай болох, төрийн үйлчилгээ сайжирч, томоохон эвент арга хэмжээг шууд дамжуулах, малчид мэдээллийг цаг тухай бүр авах, гамшиг ослын үед шуурхай мэдээллийг дамжуулах бүрэн боломжтой боллоо” хэмээв. Отгон сум ийнхүү шилэн кабельтай болсноор Завханы 24 сум өндөр хурдны интернэтэд бүрэн холбогдож байгаа ажээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа үргэлжлүүлэн Цагаанчулуут, Шилүүстэй сумын иргэд малчидтай уулзаж, улсын төсвөөр баригдаж буй хүүхдийн цэцэрлэгийн барилгын явцтай танилцжээ. 

Холбоотой мэдээ