Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам орон нутгийн эдийн засагт эерэг нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-21 19:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын газар нутгийн 77.8 хувьд цөлжилт нөлөөлж, хөрс доройтох эрсдэл 10 хувьд хүрснийг өнөөдөр МУИС-д болсон “Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр онцолж байв.

Дээр дурдсан тоо баримт нь орон нутаг дахь байгаль цаг уурын нөхцөл байдлын зөвхөн нэг нөлөө. Энэ бүхнийг тусгасан “Монгол орны байгалийн нөхцөл, нөөцийн 2017-2018 оны төлөв байдлын тайлан”-г УИХ-ын Байгаль орчин, хүнс ХАА-н байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулж байгаатай холбоотойгоор эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг тусгаж буйг өнөөдрийн хурлыг нээж хэлсэн үгэндээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолж, хоёр жил тутам зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил 4 удаагаа болж буйг тодотгосон юм.

Хуралд тухайн орон нутгийн нөхцөл байдал, байршлын нөлөөллийн талаар Ховд аймгийн жишээн дээр судалгаа хийж танилцуулсан МУБИС-ийн докторант Ч.Билэгмандахаас зарим зүйлийг тодруулав.


-Иргэд шилжин суурьшихад юу голлон нөлөөлж байна вэ?

-Энд байгалийн нөхцөл, эдийн засгийн байдал, нийгмийн хөгжил гэсэн үндсэн 3 хүчин зүйл голлон нөлөөлж байна. Мөн цаг хугацаа, нийгмийн хөгжил дэвшил мэдэгдэхүйц нөлөөлж байна. Төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан хүн амын тоо шилжилтийн үед эрс буурсныг хүн бүр мэдэж байгаа. Ховд аймагт хүн амын тоо нэг үе 70 мянга болсон. Гэтэл сүүлийн 3 жилд тус аймагт төв болон бусад орон нутгаас нүүдэллэн ирэх айл өрх, иргэдийн тоо нэмэгдэж одоо Ховд аймаг 82 мянган хүнтэй болоод байна. Энд алслагдсан нутаг орныг дэд бүтцээр хангаж, мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ-ийн бизнесийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нөлөөлж байна гэж хэлж болно.



Нийгмийн хөгжил дэвшил шилжилт хөдөлгөөнд голлон нөлөөлж байна


 

-Аймгуудад уул уурхай түлхүү хөгжиж орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх болсон нь хэр нөлөөлж байна вэ?

-Ховд аймгийн хувьд, энд 2.4 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн нүүрсний уурхай бий. Үүнээс гадна Мянгадын газрын ховор элемент агуулсан Халзанбүргэдтэйн орд бий. Мөн Хар ус нуур болон Алтайн цаад говийн хотгорт газарт газрын тосны арвин их нөөцтэйг тогтоосон. Байгалийн ийм баялаг нөөцөөс гадна БНХАУ, ОХУ-ыг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг ашиглалтад оруулсан нь орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна.

Ховдын Ярант, Баян-Өлгий аймгийн Улаанбайшинтын боомт гэсэн хойд, урд хоёр хөрш оронтой шууд харилцах боломж бүрдэж байна. Ингэснээр баруун хязгаар нутагт транзит тээвэр, ложистик хөгжих таатай нөхцөл бий болжээ. Үүнийг ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, хязгаар нутаг орныг хөгжүүлэх боломж болгон ашиглахыг шийдвэр гаргагч, тухайн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргэх, шинжлэх ухааны үндэслэл сайтай дүгнэлтийг гаргаж өгөх нь эрдэмтэн, судлаач бидний үндсэн зорилго юм. Бидний ажил зарим талаар үр дүнд хүрч байна.

Жишээ нь, олон улсын транзит тээвэр нь суурьшлын бүсийг дайрахгүй байх нэг нөхцөл байдаг юм билээ. Гэвч баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам Ховд хотын захаар шүргээд өнгөрч байгаа нь тээвэр ложистикийн төв болох боломжийг олгож байгаа хэрэг юм. Үүнээс харахад манай судлаач, эрдэмтдийн санал санаачилгыг төр, засаг бодлого шийдвэртээ тусгаж байвал бодит үр дүн гарна. Нөгөө талаар Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх их бололцоо байна. Цэвэр эко бизнес учраас үүнийг бүх талаар хөгжүүлэх ёстой. Олон улсын транзит тээврийн замыг дагуулаад аялал жуулчлалын төв, амралт зугаалгын газар байгуулбал түүнийг бараадаад малчин айл өрхийн орлого ч нэмэгдэх талтай.

Газар орны нөхцөл байдал нөлөөллийн тухайд, Ховд аймаг нь Монгол Алтайн нурууг дамнан оршдог, Алтайн Өвөр говь хамаардаг, Их нууруудын хотгор газар байрладаг байгалийн өвөрмөц бүс нутагтай. Тэнд амьдрагсдын гол амьжиргаа нь мал аж ахуй. Тиймээс өндөр уулын бүсэд мал аж ахуйг хөгжүүлнэ гэдэг хүндрэлтэй. Дээрээс нь газрын холоос малын түүхий эдээ нийлүүлэх, тээвэр ложистикийн асуудлыг шийдэх талаар зохистой бодлого гаргах, үүнийг судлах зэргээр шийдэх асуудал олон байна гэв.


Тодруулга: Дээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын өмнөх 3 удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, илтгэлүүдийг эмхтгэн нэг боть бүтээл болгон хэвлүүлсэн нь байгаль орчны бодлого тодорхойлогчид, төрийн захиргааны ажилтнууд, эрдэмтэд судлаачдын ажилд чухал ач холбогдолтой бүтээл болсныг оролцогчид онцолж байлаа. Өнөөдрийн хуралд Монгол, БНХАУ, ОХУ, Япон улсын шинжлэх ухааны байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид илтгэл, өгүүлэл ирүүлсэн байна.


                                                                                                                                                                        Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ