Зуун айлаас 32-ын тойрог хүртэлх авто замын ажил 5 дугаар сард эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-21 19:00:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун айлын барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэх ажлын хэсгийн хуралдааны үеэр, Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замын ажлыг 5 дугаар сард эхлүүлнэ гэж НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра танилцууллаа.

Тэрээр нийт 3.4 тэрбум төгрөгийн өртгөөр барих 1.6 км хоёрдугаар зэрэглэлийн эл замыг 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгав. Мөн нийслэлийн 10 цэгт авто замын огтлолцол салгах гүүр барихаар төлөвлөснөөс хоёрыг нь Зуун айл орчимд барих гэнэ. Энэ үеэр зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо. Хотын төсвөөс дээрх паркад үе шаттайгаар санхүүжилт олгож байгаа юм. 

Хурлын үеэр тус паркынхан өнгөрсөн намар эхлүүлсэн авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл 80 хувьд хүрснийг мэдээлэв. Чойрын замаас эл парк хүртэлх авто замыг ирэх намар ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өдгөө тэнд хоёр үйлдвэр ашиглалтад оржээ. Энэ онд паркын цахилгаан хангамжийн дэд бүтцийг сайжруулж, хоёр хэлхээ агаарын шугам, дэд станц барих юм байна.

Ийнхүү барилгын материалын худалдааг хотын төвөөс гаргаж, парк руу нүүлгэх ажлыг эрчимжүүлсэн ч худалдаа эрхлэгчид өөрсдийн эрх ашгийг урьтал болгож, ажил гацааж байгааг Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Алтантөгс хэллээ.

Зуун айл орчимд орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Энэ дагуу гэр хорооллын янданг цөөлж, орон сууц барьж, ашиглалтад оруулах хэдий ч дур мэдэн барилга барьж байгаа хэд хэдэн үйлдвэрүүд бий. Хотын зүгээс орон сууц хороолол ашиглалтад оруулж, агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай хийж байгаа ч дээрх үйлдвэрүүдээс их хэмжээний утаа ялгарах болсон. Тиймээс ажлын хэсгийн ахлагч,  нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга холбогдох албаныханд тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг даруй зогсоохыг үүрэг болгов. Мөн Зуун айлд байнгын ажиллагаатай цэг байгуулж, барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын явц, үр дүн, авто замын болон Налайхын паркийн бүтээн байгуулалт болон тухайн хэсгийн дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байхыг үүрэгдлээ. Үүнээс гадна сар шинийн баяраас өмнө Ажлын хэсгийнхнийг худалдаа эрхлэгчидтэй уулзах  үүрэг өгсөн юм.

Холбоотой мэдээ