"Brent" маркийн нефтийн үнэ өсөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-01-21 16:44:28

МОСКВА. /RIA Novosti/. Даваа гарагийн өглөө Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ талаарх мэдээлэл гарсны дараа дэлхийн зах зээлд "Brent" маркийн нефтийн үнэ өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-ноос хойших хамгийн өндөр үнэ буюу нэг торх нь 63 ам.долларт хүрсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.


Лондоны биржид даваа гарагийн өглөө "Brent" маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.41 хувиар өсч нэг торх нь 62.945 ам.доллар болсон бөгөөд үүний өмнөхөн 63.08 ам.долларт хүрч, өнгөрөгч 12 дугаар сарын 7-ноос хойш анх удаа 63 ам.доллар давжээ.


Нефтийн үнэ ийнхүү өссөнд даваа гарагт Хятадын статистикийн мэдээ нийтлэгдсэнтэй холбоотой байна. Албан ёсны мэдээллээс үзвэл, тус улсын ДНБ 2018 онд 6.6 хувиар өссөн нь сүүлийн 28 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болсон боловч урьдчилсан таамгийн хувьд сайн үзүүлэлт болжээ. Хятадын эрх баригчид 2018 онд ДНБ-ийг 6.5 орчим хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байв. 2017 онд уг үзүүлэлт 6.8 хувь байсан байна.


Үүнээс гадна, ажиглагчдын үзэж байгаагаар, “ОПЕК+”-ийн орнууд өдөрт олборлож буй нефтийнхээ хэмжээг бууруулж эхэлсэн нь нефтийн үнэд нөлөөлж байна. ““ОПЕК+”-ийн орнууд хэлэлцэн тохиролцсон гэрээгээ биелүүлж, мөн Ираны эсрэг тогтоосон нефтийн хориг арга хэмжээ дуусгавар болж байгаа болон АНУ-ын нефть олборлолтын хэмжээ буурч эхэлсэнтэй холбоотойгоор "Brent" маркийн нефтийн үнэ нэг торх нь 60-аас дээш ам.долларын түвшинд байх магадлалтай” гэж "J.P. Morgan"-ий шинжээчид үзэж байна.  


Харин “Bernstein Energy” компанийн шинжээчдийн үзэж буйгаар, ОПЕК-ийн орнууд нефть олборлолтынхоо хэмжээг бууруулах нь 2019 оны ихэнх хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн хомсдол үүсгэж, нэг торх нефтийн үнийг 70 ам.долларт хүргэж магадгүй аж.


Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн ОПЕК-ийн сар тутмын тайлангаас үзвэл, тус байгууллагын гишүүн орнууд өнгөрсөн 12 дугаар сард өдөрт олборлож буй нефтийнхээ хэмжээг 780 мянган торхоор бууруулжээ. 

Холбоотой мэдээ