Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-22 12:46:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Цагдаагийн газраас “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын аймгийн нэгдсэн зөвлөлгөөн”-ийг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөртэй хамтран Өлгий хотод зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн орон нутгийн төр захиргааны байгууллагууд, сумдын удирдлага, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцлоо.

Зөвлөлгөөнийг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Гылымхан нээж, хүүхэд хамгааллын чиглэлээр төр, засгаас хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлого, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр хэлсэн үгэндээ, "Хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх нь зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор Цагдаагийн газрын дэргэд өнгөрсөн оны 10 дугаар сард “Нэг цэгийн үйлчилгээний төв”  байгуулж, нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчийг тогтмол ажиллуулж байна. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргах, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий хамтарсан багийг аймгийн 12 сум, Өлгий сумын 12 багт нийт 110 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулж байна" гэдгийг онцоллоо.   

Зөвлөлгөөнд оролцогчид холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын асуудал болон байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцож, “Сургуулийн орчин дахь эмзэг байдлын нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Хамтарсан баг, хууль зүйн хорооны үүрэг, бүрэлдэхүүн”, “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

            

Холбоотой мэдээ