АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөлд гарын үсэг зурахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-21 12:25:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төсөлд АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурахгүй байх шийдэлд хүрснийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв.

Тэрбээр, “УИХ-ын гишүүдийн хоорондын үл итгэлцэл, маргаан тэмцэл, нэг нэгнээ гүтгэн доромжлох асуудал хэрээс хэтэрч, Монгол төрийн үнэлэмжийг улам бүр бууруулж байгаа. Тиймээс АН-ын бүлгээс УИХ-ыг тараах, ээлжит бус сонгууль зохион байгуулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Одоогоор 14 гишүүн гарын үсэг зурсан байна. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой бусад тогтоолын төсөл болон албан бичигт гарын үсэг зурахгүй гэсэн шийдвэр гаргалаа. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 10-нд завсарлах ёстой. Үүнээс өмнө УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг МАН шийдвэрлэж чадахгүй бол бид ээлжит бус чуулган зарлахыг шаардах болно. Ээлжит бус чуулганаар зөвхөн албан тушаалын асуудал бус Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээв.

Холбоотой мэдээ