Ардчилсан намын баталсан төсвийн хуулийн төслийг Цагаан ордон эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-04 10:32:48

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн баталсан төсвийн тухай хуулийн төслүүдийг Цагаан ордон эсэргүүцжээ. Ардчилсан намынхны баталсан төслүүдэд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад Засгийн газарт хөрөнгө мөнгө хуваарилаагүй байна.


Төрийн Департамент, Хууль зүйн яам, Тээврийн яам, Хөдөө аж ахуйн яам зэрэг АНУ-ын хэд хэдэн яам, байгууллагууд төсөв батлагдаагүйн улмаас 12 дугаар сарын 22-ноос эхлэн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн аюулгүй байдлыг хангахад нэмж 5 тэрбум гаруй ам.доллар төсөвлөхийг шаардаж байгаа бөгөөд хэрэв нэмэлт санхүүжилт олгохгүй бол төсвийн хуульд гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэн. Харин Ардчилсан намынхан 1.3 тэрбумаас хэтрэхгүй хэмжээний мөнгө гаргахад бэлэн байгаа аж. 


Ардчилсан намынхан олонхын суудал эзэлдэг Конгрессын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт хоёр хуулийн төсөл баталжээ. Нэг хуулийн төсөлд Дотоод аюулгүй байдлын яамыг хоёрдугаар сарын 8 хүртэл санхүүжүүлэх тухай тусгасан боловч хана барихад мөнгө хуваарилаагүй байна. Нөгөө хуулийн төсөл нь бусад яамдад есдүгээр сарын 30 хүртэл буюу энэ оны санхүүгийн жилийн эцэс хүртэл санхүүжилт олгох тухай аж.

Холбоотой мэдээ