Богдхан ууланд зэрлэгшсэн 195 нохойг устгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2018-12-21 17:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран байгаль хамгаалагчдын явуулсан судалгааг үндэслэн өнгөрсөн сарын 19-нөөс энэ сарын 19-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аяныг зохион байгууллаа.

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаа, хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан уг аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Иймд иргэд ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байх, харъяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохдын талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг Нийслэлийн байгаль орчны газраас уриаллаа.

Холбоотой мэдээ