Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай мэргэшсэн ажилтан 50 хүнээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-17 15:58:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Худалдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх төв” ТББ-тай хамтран 12 дугаар сарын 10-12-нд “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сертификатжуулах” сургалт зохион байгууллаа.

Сургалтад 10 сумын төсөвт байгууллагуудаас 80 хүн оролцсоноос 62,5 хувь нь шалгалтандаа тэнцэж, тендерийн үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй ажилтны тоо 50 хүнээр нэмэгджээ.

Аймгийн хэмжээнд А3 сертификаттай хүний тоо өмнө нь 36 байсан бол энэ удаагийн сургалтаар ийнхүү 86 болж нэмэгдсэн ажээ.

Гэхдээ сургалтад мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс нэг ч хүн оролцоогүй байна.

Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэнийг оролцуулахаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хуульд заасан байдаг.

Дээрх сургалт нь төлбөртэй, Мэргэжлийн сургалтын байгууллагууд төлбөр авч сургалтаа зохион байгуулдаг учраас ТББ, иргэд төдийлөн төлбөрөө төлөөд сургалтад оролцох сонирхолгүй байдаг ажээ. 

Холбоотой мэдээ