Хөдөлмөрийн үндэсний нам хуучин улс төрийг халах цаг нь ирсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-21 16:47:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд хуучин улс төрийг халахыг уриалж буйгаа мэдэгдсэн.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа хэлэхдээ, “ЖДҮ-ийн зээл, 60 тэрбумын хэрэг  гэх мэт асуудлаар эрх баригчид  хоорондоо хэмлэлдэж, тэд Монгол Улсыг  огт бодохгүй байна. Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга  ЖДҮХ-сантай холбогдсон хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байгаа.Тиймээс УИХ тарж Ерөнхий сайд албан тушаалаасаа татгалзах ёстой. МАНАН-гийн тогтолцоог халах цаг ирснийг улс төрд үүсч буй асуудлууд хангалттай харуулж байна” гэв.

Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Манай нам Монгол төрийг шалд нь унагаж буй энэ увайгүй нөхдийг төрөөс зайлуулахад тууштай тэмцэнэ. Тиймээс дэмжигчдийн хуудас нээлээ. Үүнд нэгдэхийг ард иргэдээс уриалж байна. Тэмцэл хийхийн тулд хандив хэрэгтэй. Тиймээс хандивын сан нээж ард түмнээсээ тусламж хүсч байна. Авсан хандивын талаарх мэдээллийг сар бүр нээлттэй мэдээлэх болно” хэмээв.

Холбоотой мэдээ