Завхан аймагт дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-31 11:30:51

Завхан/МОНЦАМЭ/.Завханд Дэлхийн хуримтлалын өдөрт зориулсан олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, өрх бүрт санхүүгийн боломж олгох өдөрлөг 10 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд болж байна.

Энэ арга хэмжээг олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар Монголбанк, Монголбанкны Завхан салбар, Шинэ санаа, шинэ шийдэл ТББ хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш  бэлтгэх гурван өдрийн сургалт болж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хуримтлал миний амьдралд” эссе бичлэг, дунд бага насны ангийн сурагчдын дунд уран зургийн уралдаан зарлаж шилдэг хүүхдүүдийг урамшууллаа. Түүнчлэн арилжааны банкууд шинэ болон хуримтлалын бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна "Гүүдсек" брокерын компани үнэт цаасны хадгаламжийн төв дээр 1072 хувьцааны данс нээх үйлчилгээг үзүүлжээ.

 

Хуримтлал миний амьдралд эссэ бичлэгийн уралдаанд сурагч Н.Энхтөр тэргүүлэв

Дэлхийн хуримтлалын өдөрт зориулсан өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан уран зураг, эссээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулжээ.

Хуримтлал миний амьдралд” сэдэвт уран зургийн уралдаанд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 156 хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Үүнээс хуримтлал ямар үнэ цэнэтэйг уран зургаар илэрхийлсэн бүтээлээрээ Жавхлант цогцолбор сургуулийн 3г ангийн сурагч Ё.Билэгтөгөлдөр тэргүүлж хоёрдугаар байранд  Дэвшил сургуулийн долдугаар ангийн сурагч М.Оюунчимэг, гуравдугаар байранд Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн зургадугаар ангийн сурагч М.Баясгалан, удаах байруудад Жавхлант цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн сурагч Х.Анужин,  Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Чинхүслэн нар шалгарч мөнгөн шагналаар шагнуулжээ. Харин эссээ бичлэгийн уралдаанд Улиастай сумын 124 ахлах ангийн сурагч оролцож тэргүүн байрыг Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Энхтөр эзэлжээ. Удаах байруудыг Жавхлант цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, III сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Дагиймаа нар тус тус эзэлж мөнгөн шагналаар шагнуулжээ. Харин хуримтлалын үнэ цэнийн тухай ангий хамт олноороо бичиж зурж идэвхитэй оролцсон Жавхлант цогцолбор сургуулийн 10а анги, Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн 4в ангиуд мөн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Монголбанкны төлөөлөл гардуулан өглөө.

Иргэн бүрт санхүүгийн мэдлэг хэрэгтэй гэв

Хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа  иргэдтэй уулзаж иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, хуримтлалын үнэ цэнэ, ажилгүйдэл, ядуурал ба санхүүгийн боловсрол, хөгжлийн талаарх мэдээллийг өглөө.

Тэрээр хэлэхдээ: “-...Өнөөдөр Монгол Улсад ажилгүй хүмүүсийг халамжлах бодлого илүү байна. Орлоготой ажилтай болгох нь халамжлахаас үр дүнтэй. Санхүүгийн мэдлэггүйгээс хуримтлалгүйгээс бид ядуу амьдардаг. Иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй, ойлголттой, зорилготой бол хуримтлалыг бий болгож чаддаг. Монгол Улсад нийт банкны хадгаламжийн дүнгээс харахад жижиг хадгаламжтай хүмүүсийн тоо нь их, нийт хадгаламж эзэмшиж буй хувь нь бага байна. Тиймээс та бүхэн миний амьдралыг хэн нэгэн хүн сайн сайхан болгож өгнө гэж хүлээхгүйгээр өөрийнхөө чадварт найдаж мэдлэг боловсролоо сайжруулаасай, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэмцээсэй, хичээгээрэй гэж уриалмаар байна. Үүний чинь төлөө чадах чинээгээрээ бид тусална аа. Ямар нэг хэмжээгээр бизнесээ эхлүүлэх гээд аргаа олохгүй байгаа та, санхүүгийн боловсрол олгох сургалтуудад идэвхитэй оролцоосой гэж хүсч байна. Учир нь өнөөдөр дор бүрнээ жижиг бизнес эхлүүлж хоорондоо өрсөлдсөнөөс хоршиж хамтарч бизнесээ өргөтгөвөл төвийн зах зээлрүү орох боломжтой юм. Тиймээс харилцан уялдаатай бүтээгдэхүүнээ төрөлжүүлж нэг “сайн” брэндийг бий болгосноор бид үйлдвэрлэлийг бодитой хөгжүүлнэ. Өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг, баруун таван аймагтаа бизнесийн хувьд ч засаглалын хувьд ч тэргүүлэгч аймаг болгохын төлөө та бүхэн санхүүгийн мэдлэгээ сайжруулж бид бүхэн бодлого үйл ажиллагаагаа цэгцэлж хамтарч ажиллаж чадах юм бол иргэн нь хуримтлалтай, аймаг нь хуримтлалтай, улс нь хуримтлалтай болно” гэлээ. Мөн үеэр

Монголбанкны олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд хуримтлал ба хадгаламж, хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт мэдээллийг иргэдэд өгсөн юм.

 

Байгууллагын хадгаламж иргэдийн сонирхлыг татав

Дэлхийн хуримтлалын өдөрлөгийн үеэр Завхан дахь арилжааны банкууд бүтээгдэхүүнээ танилцуулж нээлттэй үйлчилгээг үзүүлжээ.

Энэхүү өдөрлөгт ХААН, ХАС, Төрийн банкууд оролцож нийт 100 гаруй иргэнд хадгаламж, хуримтлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж хадгаламжийн данс нээлгэх, цахим банкны үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн байна. Тухайлбал Төрийн банкнаас автомат хуримтлалын үйлчилгээ, малчны хадгаламж, хуримтлалын ач тус, мобайл банк, интернэт банк,биллингийн үйлчилгээ, байгууллагын хадгаламжийн үйлчилгээ гэсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ иргэдэд танилцуулсан байна. Мөн "Гүүдсек" брокерын компани үнэт цаасны хадгаламжийн төв дээр 1072 хувьцааны данс нээх үйлчилгээг 60 гаруй иргэнд газар дээр нь үзүүлсэн байна. Мөн өдөрлөгт оролцсон зарим байгууллага хамт олон байгууллагын хадгаламжийн үйлчилгээг сонирхож хамт олноороо хуримтлал бий болгох аяныг эхлүүлэх саналыг арилжааны банкуудад тавьжээ.

Санхүүгийн боловсролыг сум бүрт түгээнэ

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, улмаар өрх бүрт санхүүгийн боломж олгох, сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалт мөн өдөрлөгийн үеэр болж байна.

Энэ сургалтыг УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачлага, дэмжлэгээр Монгол банк, Шинэ санаа, шинэ шийдэл ТББ хамтран зохион байгуулж байна. Сургалтанд 11 сумын 25 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд төрөл бүрийн мэргэжлийн болон хувиараа бизнес эрхэлдэг иргэд хамрагдаж байгаа ажээ. Сургалтанд оролцогчид санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдлийн төрөл, луйврыг танин мэдэх, мөнгөний үнэ цэнэ ба мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?, өрхийн төсөв, ажилгүйдэл, ядуурал ба санхүүгийн боловсрол, ухаалаг хэмнэлт гэж юу вэ? гэхчлэн олон сэдвүүдээр суралцаж байна. Тэд гурван өдрийн турш Монголбанкны олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүдээс санхүүгийн цогц мэдлэгийг авсанаар сум бүртээ иргэдэд санхүүгийн боловсрол олгох олон талын сургалт сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна.


 

Холбоотой мэдээ