Хөнгөлөлттэй зээл олгоход хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг эсэхийг харгалзан үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-26 11:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.05 цагт 50.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 16-нд хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон гишүүдээс ирсэн 40 гаруй зарчмын зөрүүтэй санал гарчээ. Тухайлбал, Я.Содбаатар, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, М.Оюунчимэг, С.Чинзориг нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгоход баримтлах хязгаарлалтыг хуульчлан тогтоох, хөнгөлөлттэй зээл олгохдоо үйлдвэр эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзэх, аж үйлдвэрийн парк байгуулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн оролцоог нэмэх заалт тусгах зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "Энэхүү хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай тул яаран батлах хэрэггүй. Тиймээс энэхүү хуулийн төслөөр ажлын 5 хоногийн завсарлага авч байна" гэв. 

Холбоотой мэдээ