АТГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллана

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-16 14:20:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын ажлын хэсгүүд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагатай танилцахаар өнөөдөр мордов.

Ажлын хэсгүүд өнгөрсөн жил 21 аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэ удаад уг Зөвлөмжийн биелэлтийг шалгах, хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны явц байдлыг хянан шалгах нь томилолтын нэгэн гол зорилго юм.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын ахалсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллах бол Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр, Төв аймагт ажиллана.

Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх тэргүүтэй баг ажиллахаар болов. Харин Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан баг Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт ажиллах юм.

Холбоотой мэдээ