Ким Жон Унийг Монгол Улсад айлчлахыг урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-10-15 13:21:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд баярын цахилгаан утас илгээж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урив. 

Баярын цахилгаанд, “Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт өргөжин хөгжиж, эдүгээ бид Азийн бүс нутагт урт удаан хугацаанд нөхөрлөж ирсэн найрсаг түнш улс орон билээ.

Дипломат харилцаа тогтоосны түүхэн 70 жилийг тохиолдуулан хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон сайхан арга хэмжээг хоёр талаасаа амжилттай зохион байгуулж буйг тэмдэглэхэд таатай байна. Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчид бат бэх үндэс суурийг нь тавьсан манай хоёр улсын харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тусын тулд цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг БНАСАУ-ын ГХЯ-ны албан ёсны мэдээнд дурьдаж мөн тус улсын төв хэвлэл “Нодон синмун”  сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

Холбоотой мэдээ