Япон улсаас Монгол Улсад 238 тэрбум иенийн зээл, тусламж үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-16 16:09:23

Манай улсад 1990 оноос хойш  тусламж үзүүлсэн орнуудын хамгийн эхэнд Япон улс бичигдэж байна.  Япон Улсаас  маш олон салбарт хөрөнгө оруулж буй бөгөөд нийт зээл тусламж 238 тэрбум иенээр хэмжигдэж байна.

Өчигдөр Япон улсын Элчин сайдын яамнаас жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн аянд сэтгүүлчид оролцож Нарны гүүр, Хөшгийн хөндий дэх Олон Улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн өдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимүзү Япон улсын Засгийн газраас Монгол Улсад  үзүүлж буй  зээл, тусламжийн талаар  мэдээлэл хийсэн юм.

            Монгол Улсын агаарын тээврээр 2024 онд 3 сая зорчигч зорчино

Дэд бүтцийн салбарт Японы талаас хоёр том төсөлд гараа сунгасан. Үүний нэг  нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 3.7 тэрбум иенээр хэрэгжсэн “Нарны гүүр” төсөл  юм.  Эл төслийн хүрээнд 262 метрийн  урттай гүүр, нийт  633 метр замыг ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл дэд бүтцийн хоёр дахь том төсөл нь нийслэлийн төвөөс  54 км-ийн  зайд орших Хөшигийн хөндийн  Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт юм.  2017 оны нэгдүгээр сарын 7-нд ашиглалтад оруулахаар ажиллаж буй уг төслийн ажлын явц  58 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөнөөсөө 3.6 хувиар түрүүлж явааг төслийнхэн хэллээ.  Тус төслийг  Японы “Мицүбиши Чиёода” хэмээх хоёр компаниас гадна 50 орчим компанийн 2200 орчим хүн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Үүнээс 300 орчим нь  инженерүүд бөгөөд дээрх компаниудын 70 орчим хувь нь дотоодынх,  2200 хүний 85 хувь нь Монгол хүмүүс ажиллаж буйгаараа онцлогтой.

Төслийг хэрэгжүүлэхэд нийт 560 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан байна. Японы Засгийн газраас манай улсад  2008 онд 28.8 тэрбум иенийн 0.2 хувийн хүүтэй зээл олгосон бол хоёр дахь ээлжинд 36.8 тэрбум иений зээлийг 0.1 хувийн хүүтэй зээлжээ. Энэ зээлийг манай улс 40 жилийн хугацаанд төлөх юм байна. Эхний 10 жилд төлбөр төлөхгүй бөгөөд 11 дэх жилээс эхлэн зээлээ төлж эхлэх аж. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудалд нийт 30 орчим  барилга барихаар ТЭЗҮ-ийг хийжээ. Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй технологиудыг ашиглаж буйгаараа онцлогтой юм . Тухайлбал газар доогуурх шатахуун цуглуулах ситемийн  барилга,1.8 км- ийн урттай цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны шугам шүлжээний инженерийн байгууламжийн тунелийг  барьж буй аж. Мөн   3.6 метрийн урттай 60 метрийн өргөнтэй зурвас барьж буй бөгөөд “Бойнг”- 747 онгоц буух боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцлов. 9.6 км-ийн урттай үерийн хамгаалалтын  даланг шинэ технологиор барьжээ. Газар шорооны ажил 90 гаруй хувьтай байна. Ийнхүү бүтээн байгуулалт өрнөж буй ч Монгол Улсын  төсвийн хөрөнгөөр барих 3 байгууламжийн гүйцэтгэгч тодроогүй нь  Япончуудын барилгын ажлаас хоцрох магадлалтай гэдгийг  Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат тодотголоо. Буянт ухаагаас 32 км-ийн зайд орших шинэ нисэх буудал 2024 онд 3 сая зорчигч, 2032 онд ДНБ-ний өсөлтөөс хамааран 5 сая зорчигч хүлээн авах тооцоо гаргажээ. Манай улсын хувьд  2013 онд  агаарын зорчигчийн оргил үе буюу 1 сая 100 мянган хүн зорчсон тухай статистик судалгаа байна.  2024 оноос шинэ онгоцны буудлын өргөтгөлийг хийх хэтийн төлөвлөгөөг гаргажээ.  Тодруулбал 6 хүзүүвчтэй терминалийг 20 хүзүүвчтэй болгон хоёр тийш нь тэлэх боломжтой бөгөөд ойрын 40-50 жилд нисэх буудлын хүчин чадалд санаа зоволтгүй гэдгийг төслийн багийнхан ярилаа. Хэтдээ Монгол улсын хилээр  12 сая зорчигч зорчино гэсэн судалгаа  ч гарсан байна. Ийнхүү шинэ онгоцны буудлыг барьснаар дэд бүтэц, хурдны зам,  дагуул хот бий болно. Дагуул хотод ойролцоогоор 100 мянган хүн ам төвлөрнө хэмээн үзэж байна.

 Японы буцалтгүй тусламжаар 55 сургуулийг шинээр барьжээ

 Мөн Японы талаас “Өвсний үндэс” 21 аймгийн 220 суманд  сургуулийн барилга засварлах, 479 төслийг хэрэгжүүлснийг Японы Элчинд сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фүкасава онцоллоо. Мөн Японы буцалтгүй тусламжаар 55 сургуулийг шинээр барьснаас гадна 1000 инженер төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн нийслэлчүүдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд Японы талаас Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 4.8  тэрбум иенийн зээлийг 2013 онд олгосон. Уг станцид өмнө нь буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум иенийн төслийг хэрэгжүүлж үе шаттайгаар нийт  20 гаруй тэрбум иенийн зээл тусламж үзүүлжээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд