“Delta Holding” компани АХБ-ны тусламжтай зоорь барьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-02-23 14:36:50

МАНИЛА. /Adb/. Монголын “Delta Holding” ХХК хөдөө аж ахуй болон бусад олон салбар компаниудтай хамтран нийслэл Улаанбаатар хотын захад орчин үеийн агуулах барьж байна. Монголд анх удаа баригдаж байгаа тус агуулах нь 2200 тонн бүтээгдэхүүн агуулах 11 зоорьтой ажээ. Зооринуудын зургааг ногоо, тавыг нь мах хадгалахад ашиглана.

Одоогийн байдлаар байнгын хяналттай хөлдөөгч зооринууд бэлэн болоод байгаа бөгөөд “Delta Holding” ХХК 9, 10 дугаар сард байцаа, төмс, сонгино зэрэг хүнсний ногоо худалдан авч, зургаан сар хадгалан, хавар худалдах зорилготой байна.

Ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн хадгалах хэд хэдэн агуулах Монголд байгуулагдсан учир үр тариа хураах үе буюу намар хүнсний ногоо импортолж, дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой юм. Үүний зэрэгцээ, сайн агуулахтай байх нь 6-8 сарын урт хугацааны эрэлтийг хангахын тулд мал аж ахуйгаа өсгөх эсвэл илүү үр тариа хураахад аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг болох юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр агуулах нь хөдөө орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх болно. Мөн мах болон хүнсний ногооны улирал дуусмагц тэдгээрийн үнэ нэмэгддэг нь багасаж, хэрэглэгчдийн хувьд үнийн тогтвортой байдал бий болох юм. Улмаар импортоос хамааралтай байдал буурна.

“Delta Holding” компани Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүгийн хөтөлбөрийн тусламжтайгаар энэ шинэ агуулахаа барьсан байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Худалдааны санхүүгийн хөтөлбөр аккредитивийн хоёр жилийн баталгаагаар “Delta Holding” компанид 920 мянган доллар олгосон байна. Монголын хамгийн  анхны, том арилжааны "Худалдаа хөгжлийн банк" “Delta Holding” компанийн нэрийн өмнөөс аккредитивийн баталгааг гаргажээ. Тус компани агуулахын төхөөрөмж, хөргөгчийг Нидерландын “Geerlofs Refrigeration” компаниас импортлохдоо уг баталгааг ашигласан байна.

Зах зээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд АХБ-ны Худалдааны санхүүгийн хөтөлбөр 2010 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд "Худалдаа хөгжлийн банк"-ны эрсдэлийг нөхөж буй Нидерландын “ING” банканд шаардлагатай баталгааг гаргаж өгчээ.

Худалдааны санхүүгийн хөтөлбөр Монголын “Хаан”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк"-тай хамтран ажиллаж, 2010 оноос хойш 227 гүйлгээгээр дамжуулан 124.17 сая долларын худалдаа хийн, дэмжлэг үзүүлсэн байна. Мөн зах зээлийн хоцрогдлыг арилгахын тулд Худалдааны санхүүгийн хөтөлбөр Азийн хөгжил дэх Монголын хувийн хэвшлийн хөрөнгө, оролцоог идэвхжүүлэхийг зорилго болгожээ. Худалдааны санхүүгийн хөтөлбөрийн дэмжсэн 124.17 сая долларын худалдааны 38 орчим хувийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ