Бурхан багш цэцэрлэгт хүрээлэнд заларлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 12:53:59

Булган аймгийн төвд баригдаж байгаа “Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн”–д бурхан багшийг өргөн заллаа. 

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нийт гурван га талбайг эзэлж байгаа бөгөөд аймгийн газар зүйн хэлбэртэй хашаа барьж, хашааг дагуулан 333 ширхэг монос, 16 сумын газар зүйн хэлбэрээр сумдын хилийг дагуулан 12 мянган хайлаас тарьсан байна. Энэ жил тухайн сумын нутгаар урсдаг гол мөрний байрлалын дагуу суваг хийж хиймэл горхи урсгахаас гадна томоохон нууруудыг усан толио хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Цэцэрлэгт хүрээлэнд монос цэцэглэх цагаар цуглаж шагай харвах, цагаан сараар мөрөө гаргах, нар мандахыг харах, хүслээ даатгах, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хичээл заах, хавар, намар мод тарих, сумдын ой, алдартнуудын өдөр зэрэг баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд тогтмол үйл ажиллагаануудыг  зохион байгуулж байх юм.   Дашрамд дурдахад байршлын хувьд Булган сумын нутагт улсын соёлын өвд бүртгэгдсэн Цагаан суварга, Диваажингийн сүм, Дашчойнхорлин хийд гэсэн 3 байгууламжтай уялдуулж сонгосон. Энэхүү газар нь Чин Ван Ханддорж, XIII Далай лам Түвдэнжамц нар Номч мэргэн Шадав-Дандар аграмбад шавь орон амьдарч байсан түүхтэй ажээ.

П.Батням

Холбоотой мэдээ