Ж.Тунгалаг: Бүх ард түмний XIV их наадмыг Олон улсын дүрэм, журмын дагуу зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-26 17:06:40

Бүх ард түмний XIV их наадам энэ сараас эхлэн, жүдо, бокс, чөлөөт, шатрын тэмцээн болж байна.

Ирэх 8 дугаар сарын 28-ныг хүртэл үргэжлэх тус наадмыг орон даяар өвлийн хоёр, зуны спортын 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын хоёр төрөл спортын нийт 20 төрлөөр зохион байгуулна.

Өнөөдөр 20 спортын төрлийг хариуцсан холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай ЭМСЯ-ны Биеийн тамир спорт хөгжлийн төв/ БТСХТ/-ийн захирал П.Бат-Эрдэнэ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар БТСХТ-ийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалагаас тодрууллаа.

-Их наадмыг зохион байгуулах хороо хурлаа хийж, наадамд оролцох спортын төрлийг сонгосон. Дээрх холбоодтой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар талуудын хүлээх үүрэг?

-Энэ удаагийн наадмын хүрээнд спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, бие даасан байдлыг хангах үүднээс гэрээ байгууллаа. Ингэснээр тухайн холбоонд үйл ажиллагаа явуулах 3-4 сая төгрөгийн санхүүжилт олгож байна. Үүнд шүүгчийн болон, спорт заал талбайн мөнгө багтаж байгаа. Их наадмыг Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад газруудад зохион байгуулна. Тухайлбал, шатар Завхан аймагт, хүндийн өргөлт Сүхбаатар аймагт, даам Бадмаараг төвд гэх мэт. Бидний зүгээс их наадмыг амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүх талын дэмжлэгийг өгч, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллана.

-Энэ удаагийн их наадмаар спорт холбоодын эрх, үүргийг нэмэгдүүлснээрээ онцлог гэдгийг хэлж байгаа. Таны зүгээс энэ наадмаас юуг онцлох вэ?

-Монголын бүх ард түмний их наадам  тамирчид, спортын холбоодын хувьд шинэ залуу үеэ гаргаж ирэх, ирээдүйн амжилтын замыг нээх учраас төрөөс өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал, тухайн спортоо олон нийтэд сурталчилж, олон хүүхэд залуусыг их спортод татан оролцуулж, монголын тамирчдын залгамж халааг бэлтгэх гол үүрэгтэйн хувьд спортын холбоод тухайн төрлийн спортын тэмцээнийг Олон улсад явуулдаг журам, дүрмийн дагуу зохион байгуулна. Энэ эрхийг спортын холбоодод өгсөн. Энэ нь өөрөө манай спортын хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Их наадмыг зохион байгуулах хорооны даргаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа томилогдсон.Үүний зэрэгцээ зохион байгуулах хороонд их наадамд дээрх спортын 20 холбоодын Нарийн бичгийн дарга нар багтсан. Бүх ард түмний наадам учраас үндэсний хэмжээнд, нийт хүн амын 70-аас доошгүй хувьд хөгжиж, дэлгэрсэн спортын 20 төрлийг сонгож оруулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Биеийн тамир, спортын хуулийн хүрээнд багийн, өвлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах спортыг тус тус дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс сонголтыг хийсэн. Мөн наадамд оролцох тамирчдын хувьд аймаг дүүрэг байгууллага, клуб, оюутан, залуучуудын холбооны нэрийн өмнөөс оролцох бүрэн бололцоотой. Урьдчилсан тоогоор 5300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн.

-Шагналын хувьд ямар байгаа вэ?

-Засгийн газрын тогтоол, Биеийн тамир спортын хуульд тус тус заасны дагуу нэгдүгээр байр 1,5 сая, хоёрдугаар байр нэг сая, гуравдугаар байр 500 мянган төгрөг байхаар, багийн спортын үндсэн тамирчид мөн 1,5 сая төгрөг байхаар тусгасан. Түүнчлэн Засгийн газрын шагналтай. Наадмаас 10 шилдэг спортын холбоодыг шалгаруулна.

-Албан ёсны нээлт болон хаалтыг хэзээ хийхээр товлов?

 -Албан ёсны нээлтийг гуравдугаар сарын 6-нд, хаалтын ажиллагааг наймдугаар сарын 28-нд хийхээр төлөвлөсөн. Энэ үеэр олимпийн медальтнууд төрөн гарсан, Бүх ард түмний XIV наадмын шилдгүүд тодорсон байх учраас монголчуудын хувьд спортын олон олон амжилтыг тэмдэглэх мөч байна гэдэгт эргэлзэхгүй байна. Наадмын дэлгэрнгүй, албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн. Хурлын товийг цаг тухайд нь зарлах болно.

Холбоотой мэдээ