МАА-д чанарын өсөлт гарсангүй гэж сөрөг хүчин дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн статистикийн хэлтсийн мэдээнээс үзэхэд, одоо малтай 17000 түүний дотор 14126 малчин өрхөд 1079 тэмээ, 324154 адуу, 544239 үхэр, 2317021 хонь 1270589 ямаатай байна.
Тодруулбал, Архангай аймаг үхэр ба хонин сүргээрээ улсад тэргүүлсэн хэвээр байна. Гэвч ИТХ дахь МАН-ын бүлэг өөр өнцгөөс хандаж байна. Тэдний дүгнэлтээр МАА-н салбарт чанарын өсөлт гараагүй аж. Аймгийн хөдөлмөрийн насны нийт хүний 70 гаруй хувь нь энэ салбарт ажиллаж байна. Сүүлийн гурван жилд МАА руу чиглэсэн томоохон ажилууд хийгдээгүй, өмнөх хүрсэн төвшингөөсөө ухарлаа хэмээн сөрөг хүчин үзэж байна. Малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал, мах түүхий эдийн үнэ ханш сүүлийн гурван жилд хоёр дахин буурлаа. Өнөөдөр нэг эм хонь 50000-60000 төгрөгөөр борлогдож үүгээр 25 кг-ын хоёр шуудай гурил авч байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсч мал, мах түүхий эдийн үнэ хоёр дахин, худалдан авах чадвар 3,5 дахин буурсныг харуулж байна. Судалгаанаас харахад, малчин өрхийн 80 хувь нь оюутантай байна. Нийт малчин өрхийн 70 гаруй хувь нь банк санхүүгийн байгууллагад зээлтэй байна гэсэн жишээг МАН-ын бүлгээс дурьджээ. Сөрөг хүчний зүгээс, иргэдийн олонхийн амьдрал хүндэрч, цөөнх эрх мэдэлтнүүд хөлжиж байна гэж мэдээллээ.
Архангай аймаг Л. Булган