Улс төрийн намуудад шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-01-12 15:45:13

Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс өнөөдөр Монголын Улс төрийн намуудад хандаж шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Ардчилсан хувьсгалын анхдагч зөвлөлийн тэргүүн Д.Хархүү хэлэхдээ, “Бид ардчилсан засаглалтай Монгол Улсын үндсэн хуулийг 1992 онд батлахад гар бие, үзэл санаа, хувь нэмрээ оруулсан. Энэ хуулийг нэг намын дарангуйллаас ангижрахад зорьж баталсан. Гэтэл сүүлийн 25 жилийн хугацаанд олон намын тогтолцоотой байх гэсэн суурь зарчмын агуулга алдагдаж нам шүтсэн, намын дарангуйлалтай төр болон хувирлаа. Сонгуульд ялах гэж нам байгуулдаг боллоо. Улс төрийн намуудын удирдлагад байгаа хэдхэн хүний ашиг сонирхлыг намын шийдвэр мэтээр нийтэд сурталчилж ирснээс намууд дотоод ардчилалгүй болж нам шүтсэн хэсэг хүмүүсийн сонгуульд ялах гэсэн хэрэгсэл болж хувирсан. Энэ нь Монголын ардчилалд хортой үр дагавар болж буйг ардчилсан хувьсгалын анхдагчид бид  эрс шүүмжилж  УИХ-ын гишүүд, улстөрийн намын дарга нар, намын гишүүдэд мэдэгдэл хүргүүлж байна” гэв.

Уг мэдэгдэлд одоо бүртгэлтэй байгаа намууд энэ оны нэгдүгээр улиралд багтаан  хурлаа хийж бодлогоо өөрчлөхийг шаардсан бол УИХ-ын гишүүдэд хандан улстөрийн намын хуулийг хариуцлагын тогтолцоотой шударга болгохыг уриалав.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ