Хүний эрхийг хамгаалах байгууллагаас 100 гаруй сая төгрөг танажээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-10 15:14:15

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд  “Олон улсын хүний эрхийн өдөр” тохиодог. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийсэн юм.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар, сэжигтнийг цагдан хорих, хоригдох ажиллагаанд хүний эрх ихээр зөрчигдөх болсныг ХЭҮК-ын удирдлагууд мэдэгдэв. Жишээлбэл, Монгол Улсын бүх шатны эмнэлгээр яваад өвчнөө эмчлүүлж чадаагүй эмэгтэй тус комисст гомдол гаргажээ. "Шүүх түүний гомдлыг хэлэлцээд 10 сая төгрөгийг л барагдуул гэсэн шийдвэр гаргалаа. Үлдсэн 67 сая төгрөгөө барагдуулж, эрхээ сэргээлгэмээр байна” гэсэн энэ эмэгтэйн гомдол бол зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж эрхээ зөрчүүлдэг иргэдийн нэг төлөөлөл гэж ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярилаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч асрамж үйлчилгээ дутагдалтай гэсэн гомдол гаргадаг байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар сэжигтнийг хорьж, мөрдөх хугацаа 24 сар, шаардлагатай тохиолдолд 30 сар байдаг. Хэрэв сэжигтнийг хорих хугацаа 30 хоногоос хэтэрвэл хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан гэж олон улсад үздэг байна. Гэтэл манай улсын хууль хяналтын байгууллагууд хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэх тохиолдол нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотой гомдол их гарах болжээ. Мөн хорьж, мөрдөх хугацаанд сэжигтнийг шүүх дээр байцаагдаж буй хоног, өдрийг нэмж оруулдаггүй нь Монгол Улсын НҮБ-ын хүний эрхийн конвенцид нэгдэн орсон бүх гэрээ, журмыг зөрчдөг байна. Гэхдээ манай улсын цагдан хорих ангиуд олон улсын стандарт, жишигт нийцсэн тогтсон температур, дулаантай, халуун хоолтой аж. Энэ нь сэжигтнээр татагдаж, хоригдсон иргэдийн эрүүл мэнд хорих ангиас болоогүй гэдгийг нотлох баримт. Хэдийгээр сүүлд баривчлагдаж, хоригдож буй улс төрийн албан тушаалтнуудын эрүүл мэнд муудсан нь, шаардлагатай эмчилгээг хийлгэдэггүй нь хүний эрхийг нь зөрчсөн асуудал гэж ар гэрийнхэн нь гомдол гаргадаг ч, энд эрх зөрчигдсөн асуудал яригдахгүй гэдгийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тайлбарлалаа.

Ийнхүү хүний эрх зөрчигдсөн 660 орчим гомдол ХЭҮК-д иржээ. Гомдол бүрийг хянан үзэж, хуулийн дагуу асуудлыг шийдэхийн тулд хөрөнгө шаардагддаг. Гэтэл энэ онд тус байгууллагын жилийн төсвийг 100 гаруй сая төгрөгөөр танасан нь. нийт ажилчдын цалинг 10 хувиар бууруулахаас өөр сонголтгүй болгосон. Одоогоор 30 гаруй сая төгрөгийн өртэй явна гэж ХЭҮК-оос мэдэгдлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ