Тивийн аварга 3х3 сагсан бөмбөгийн баг 10 дугаар сарын шилдгээр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-24 12:22:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 10 дугаар сарын “Шилдэг тамирчин”-аар Улаанбаатар хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид шалгарлаа.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос өнгөрсөн наймдугаар сараас эхлэн сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн санал асуулгаар болон спортын сэтгүүлчдийн саналаар тодруулан, урамшуулдаг.
Монголын сагсан бөмбөгчид 15 баг оролцсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, аварга болохдоо Австрали, Шинэ Зеландын багийг хожсон. Уг тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Монголын багийн тамирчин Э.Дөлгөөн тодорсон юм. Дашрамд дуулгахад, 3х3 сагсан бөмбөгийн төрөл нь 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан.

Энэ удаа 10 дугаар сарын шилдэгт наймдугаар сарын шилдэг тамирчин болсон Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Одбаяр нар Абу Дабигийн Их дуулгад түрүүлсэн амжилтаараа өрсөлдсөн. Мөн жүдо бөх залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн, Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн, хүндийг өргөлтийн тамирчин Г.Анужин нарын нэр дэвшээд байсан юм.
Харин шалгаруулалтын хоёрдугаар байрт Тайландын Бангкок хотноо болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аваргаар тодорсон Г.Анужин орсон бол гуравдугаар байрт жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн нэрлэгджээ.

Ийнхүү багийн спортын тамирчид багаараа сарын шилдэг тамирчнаар тодорлоо.

 

Д.Өлзий

 

 

関連ニュース