“Тэмүүлэл” цэцэрлэг таван нас хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын “Тэмүүлэл” 8-р цэцэрлэгийн таван жилийн ой энэ сарын 30-нд тохиох гэж байна.
Тус цэцэрлэг нь Улаангом сумын 6, 10-р багийн 2-5 насны 200 гаруй хүүхдийг хүлээн авч цэцэрлэгийн 6 бүлэгтээ сургаж хүмүүжүүлдэг аж. Анх 19 ажилтантай үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө 24 болж өргөжжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус цэцэрлэгийнхэн “Гар угаах” нэг сарын аянд аймагтаа тэргүүлж 1-р байр, Ардын тоглоом наадгайн бүтээлийн үзэсгэлэнд тусгай байр, сумын Засаг даргын нэрэмжит “Айзимт гимнастик”-ийн тэмцээнд 3-р байр, ОУ-ын Улаан загалмай, Монголын хүмүүнлэгийн өдөр “Хөдөлгөөнт гимнастик” -ийн уралдаанд 2-р байр, Замын хөдөлгөөний “Цагаан толгой” 2014, 2015 тэмцээнд 3-р байр, аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” 2010-2015 уралдаанд тус тус амжилттай оролцсоноос гадна өнгөрсөн оны ажлаараа аймагт 2-р байр эзэлсэн байна.
Таван жилийн ойгоо угтаад бэлтгэл бүлгийн хүүхдүүдийнхээ дунд “Багшдаа барих миний бэлэг” сэдэвт гар зургийн уралдааныг явуулжээ. Мөн цэцэрлэгийн нийт эцэг эхчүүдийн дунд Шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээн болон “Тэр бөхийн нэр хэн бэ?” байгууллагын аварга шалгаруулах хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг хийгээд байна.
Энэ сарын 30-нд “Бидний тэмүүлэл” багш ажилчид, хүүхэд багачуудын хамтарсан урлагийн тоглолтыг “Ойрад” театрт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Увс аймаг Б.Батхүү